НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧИЙГ  ТОРГОХ ШИЙТГЭЛ, АЛДАНГИАС НЭГ УДАА ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

2020-03-20 17:13   Уншсан тоо: 1182

Дэлхийн 160 гаруй улсад тархаад байгаа шинэ коронавируст халдварын дэгдэлтийн улмаас 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 179 800 хүн өвчний халдвар авч, 7 076 хүн нас бараад байна. 

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 62 дугаар тогтоолоор шинэ коронавируст халдвараас урьдчилан дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны 02 сарын 13-ны өдрөөс эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчилсэн байдлаар шилжүүлсэн. 

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд аж ахуйн нэгж, байгууллагыг ажлын тусгай горимд шилжүүлэн ажиллуулах, ресторан, нийтийн хоолны болон үзвэр, үйлчилгээний байгууллага, иргэдийн бизнесийн үйл ажиллагаанд хязгаарлалт хийх зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Үүний улмаас зарим аж ахуйн нэгж, байгууллагын болон иргэдийн бизнесийн үйл ажиллагаа доголдож, орлого буурснаар нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлж чадахгүй нөхцөл үүсэж байна.

Иймд нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангаа үнэн, зөв гаргаж, нийгмийн даатгалын байгууллагад хүргүүлсэн боловч улсын хэмжээнд гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд хамаарах нийгмийн даатгалын шимтгэлээ төлөөгүй, эсхүл дутуу төлсөн аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд Зөрчлийн тухай хуульд заасан дээрх торгох шийтгэл, алдангийг ногдуулахгүй байх эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа тул Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас нэг удаа чөлөөлөх тухай хуулийн төслийг боловсруулаад байна. 

Хуулийн төсөлд өгөх саналаа ganchimeg.g@mlsp.gov.mn,   gerelsaikhan@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.   Хуулийн төсөл, үзэл баримтлалыг хавсралт хэсгээс татаж авна уу.


ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМ


Хавсралт файл

Гарчиг Татах
1 НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧИЙГ ТОРГОХ ШИЙТГЭЛ, АЛДАНГИАС НЭГ УДАА ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ
2 НИЙГМИЙН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨГЧИЙГ ТОРГОХ ШИЙТГЭЛ, АЛДАНГИАС НЭГ УДАА ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ