Мэндчилгээ

Хэн хөдөлмөрлөж байна тэр хүн үр шимийг нь хүртэх эрхтэй. Зөвхөн халамжаар амьдрах бус хөдөлмөр эрхэлж өөртөө болон улс эх орныхоо хөгжил, цэцэглэлтэд хувь нэмрээ оруулбал сая Монгол Улс хөгжинө.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхэм зорилго болох Хөдөлмөр, Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын харилцан хамаарал бүхий цогц бодлогыг хэрэгжүүлж, иргэдийн хөдөлмөрлөх, хөгжих таатай орчин бий болгох, нийгмийн баталгааг дээшлүүлэх замаар хүний хөгжлийг хангахын тулд төрийн сайн менежер байх үүрэг хүлээн ажиллаж байна.

Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд нэг талд дипломтой ажилгүй иргэд, нөгөө талд сул байгаа ажлын байранд тохирох ур чадвартай боловсон хүчин байхгүй байна. Тиймээс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас зах зээлийн эрэлтэд тулгуурласан мэргэжлийн боловсрол, сургалтын тогтолцоог хөгжүүлэх, мэргэжилтэй ажилтан бэлтгэх, ажиллах хүчний өрсөлдөх ур чадварыг дээшлүүлэх, цаашлаад хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, энэ чиглэлээр салбар хоорондын зохицуулалт хийхээр ажиллаж байна. Хөдөлмөрийн зах зээл эрүүл, зөв тогтолцоотой хөгжвөл иргэдийн амьдралын төвшин дээшилж ажилгүйдэл, ядуурал дагаад буурна. Тэр хэрээр манай улсын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтэд эерэг нөлөө үзүүлэх юм.

Халамжийг хавтгайруулахгүй зорилтот бүлэгт хүргэх нь чухал асуудлуудын нэг. Нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, хүн амын насны бүтцийн хэтийн төлөвийг харгалзан зорилтот бүлгийн хэрэгцээнд нийцсэн Нийгмийн даатгал, Халамжийн үйлчилгээг үзүүлэхээр зорьж байна. Үүний тулд мэдээллийн нэгдсэн сан бий болгож, Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах, цахим системд шилжих зэрэг нэн тэргүүнд хэрэгжүүлэх шаардлагатай маш олон ажил биднийг хүлээж байна.

Монгол хүний амьдралын чанарыг дээшлүүлж, хүн амын хөгжлийг хангах нийгмийн таатай орчныг бүрдүүлэхэд бүх талаар хамтран ажиллаж байгаа байгууллага, иргэд, аж ахуйн нэгж, Төрийн бус байгууллага, Элчин сайдын яамд болон олон улсын байгууллагуудад талархал илэрхийлж, цаашид харилцаагаа улам өргөжүүлэн уялдаа холбоотой ажиллана гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсаа хөгжүүлэхэд иргэн Таны оролцоо ихээхэн хувь нэмэр оруулж буйг дурдахгүй өнгөрч болохгүй. Хамтдаа улс эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө, халамжаас хөдөлмөрийн тогтолцоо руу шилжихийн төлөө хөдөлмөрлөе.

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА