Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн данс

Нэрийн дансыг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан нөхцөл, журмын дагуу тэтгэврийн даатгалд хамрагдсан, 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн Монгол Улсын иргэн, тус улсад байнга оршин суугаа гадаадын иргэн болон харьяалалгүй хүнд нээнэ.

Даатгуулагчийн нэрийн данс нь дугаар давхардаагүй байх бөгөөд даатгуулагчийн овог, нэр, дансны эхний үлдэгдэл, сар бүрийн төлсөн шимтгэл, тооцсон хүү, олгосон тэтгэвэр зэрэг орлого, зарлагын талаар мэдээлэл өгөх нөхцөлийг хангана.

Нэрийн дансны орлогын эх үүсвэр

Нэрийн дансны орлого нь дараахь эх үүсвэрээс бүрдэнэ:

  • нэрийн дансны эхний үлдэгдэл;
  • даатгуулагчийн төлсөн шимтгэл;
  • ажил олгогчийн төлсөн шимтгэл;
  • төрөөс төлсөн шимтгэл;
  • нэрийн дансны орлогод тооцсон хүү.

Нэрийн дансны эхний үлдэгдэл тооцох

Нэрийн дансны эхний үлдэгдлийг тооцоход дараахь үзүүлэлтийг харгалзана:

  • даатгуулагчийн нэрийн данс нээлгэх хүртэл нийт ажилласан хугацаа;
  • нэрийн данс нээлгэх хүртэл ажилласан 10 жилийн доторх дараалсан, аль илүү хөдөлмөрийн хөлс авч байсан 5 жилийн дундаж индексжүүлсэн хөдөлмөрийн хөлсний хэмжээ;
  • сард төлбөл зохих шимтгэлийн хувь, хэмжээ;
  • сүүлийн 5 жилийн улсын дундаж хөдөлмөрийн хөлсний дундаж индекс.

Нэрийн дансны эхний үлдэгдлийг дараахь томъёогоор бодно:

А= Б х В, Үүнд:

А-нэрийн дансны эхний үлдэгдэл;

Б-сард төлвөл зохих шимтгэлийн хэмжээ;

В-ажилласан нийт сар.

Сард төлвөл зохих шимтгэлийн хэмжээг дараахь томъёогоор бодно:

Б= Г х Д х Е, үүнд:

Г-даатгуулагчийн сарын хөдөлмөрийн хөлсний дундаж хэмжээ;

Д-сүүлийн 5 жилийн улсын дундаж хөдөлмөрийн хөлсний дундаж индекс;

Е-шимтгэлийн хувь.

Нэрийн дансанд хүү тооцох

  • Нэрийн дансны орлогод жилд нэг удаа хүү тооцно.
  • Нэрийн дансанд хүү тооцоход эхний үлдэгдэл, тухайн жилийн шимтгэлийн орлогын нийлбэрийг дундаж хөдөлмөрийн хөлсний сүүлийн З жилийн дундаж өсөлтийн хувиар үржүүлнэ.
  • Нэрийн дансанд тооцох хүү, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дундаж хөдөлмөрийн хөлсний өсөлтийг нийгмийн даатгалын байгууллагын тайлан, мэдээ, Үндэсний статистикийн газрын саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно.

Нэрийн данснаас тэтгэвэр авах эрх

Доор дурдсан болзлыг хангасан даатгуулагч нэрийн данснаас өндөр насны тэтгэвэр авах эрхтэй:

  • 1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн;
    • 60 нас хүрсэн даатгуулагч, эсхүл 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл;
    • нийтдээ 180 ба түүнээс дээш сар тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн;
    • тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргаж хөдөлмөрийн гэрээгээ дуусгавар болгосон буюу хөдөлмөр эрхлэх, төрийн алба хаах үйл ажиллагаагаа зогсоосон.

1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тахир дутуугийн буюу тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах болзол хангасан даатгуулагч нь “Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай” хуулийн дагуу бодож тооцсон тахир дутуугийн буюу тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй.

Тэтгэврийг тооцох

Өндөр насны сарын тэтгэврийг тооцоход нэрийн дансны орлого, даатгуулагчийн тэтгэвэр авах дундаж хугацааг харгалзан дараахь томъёогоор бодно:

        Х

Т = -----: 12, үүнд:

        К

Т-сарын тэтгэврийн хэмжээ;

Х-нэрийн дансны нийт орлого;

К-тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийлэл.

1960 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагчийн тэтгэвэрт гарснаас хойшхи хугацаанд тэтгэвэр авах дундаж хугацааны илэрхийллийг Үндэсний статистикийн газраас гаргасан тооцоо, саналыг үндэслэн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно.

Тахир дутуугийн тэтгэврийг нэрийн данснаас тооцоход:

  • Хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол сүүлийн гурван жилийн дундаж сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 60 хувиар;
  • Хөдөлмөрийн чадвараа хагас алдсан бол сүүлийн гурван жилийн дундаж сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос хөдөлмөрийн чадвараа алдсан хувьд ногдох хэмжээгээр бодож тогтооно.

Тэжээгчээ алдсаны тэтгэврийг нэрийн данснаас тооцоход:

  • Хөдөлмөрийн чадваргүй нэг хүнтэй бол сүүлийн гурван жилийн дундаж сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4О хувиар;
  • Хөдөлмөрийн чадваргүй хоёр ба түүнээс дээш хүнтэй бол гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй хүн тус бүрт дээр дурдсан 40 хувийг 1О хувиар нэмэгдүүлж бодож тогтооно.
  • Хөдөлмөрийн чадваргүй хоёр ба түүнээс дээш хүнд олгож буй тэжээгчээ алдсаны тэтгэвэр нь сүүлийн гурван жилийн дундаж сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 6О хувиас хэтрэхгүй байна.
  • Тэтгэвэр бодох зааврыг нийгмийн даатгалын төв байгууллага батална.

Тэтгэврийн доод хэмжээ

  • Нэрийн данснаас олгох өндөр насны тэтгэврийн доод хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний улсын дундаж хэмжээний 20 хувиас багагүй байна.
  • Нийтдээ 15 ба түүнээс дээш жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол шимтгэл төлсөн 15-аас дээш жил дутамд 0.5 хувиар бодож өсгөж тухайн даатгуулагчийн тэтгэврийн доод хэмжээг тогтооно.
  • Тахир дутуугийн болон тэжээгчээ алдсаны тэтгэврийн доод хэмжээ нь өндөр насны тэтгэврийн доод хэмжээтэй адил байна.

Тэтгэврийг индексчлэх

Нэрийн данснаас олгох тэтгэврийг мөнгөний ханш бууралтын түвшинтэй шууд хамааралтай тогтоосон индексээр өсгөнө. Тэтгэврийн хэмжээг өсгөх индекс, түүнийг хэрэглэх журмыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн саналыг үндэслэн Үндэсний статистикийн газар тогтооно.

Тэтгэвэр олгох

Тэтгэврийг тэтгэврийн даатгалын сангаас даатгуулагчийн сонгосон банкаар нь  дамжуулан сар бүр олгоно. Тэтгэвэр авагчид данснаас тооцож олгосон тэтгэвэр, дансны үлдэгдлийн талаар түүнд мэдээлж байна.

Хөдөлмөр эрхэлж байгаа тэтгэвэр авагчийн шимтгэл төлөлт

Тэтгэвэр авагч хөдөлмөр эрхэлж байгаа бол ажил олгогч болон даатгуулагч /тэтгэвэр авагч/ төлвөл зохих шимтгэлийг нийгмийн даатгалын санд зохих журмаар төлнө.

Шимтгэл төлөх, тэтгэвэр, тэтгэмж тогтоох, олгохтой холбогдсон бусад харилцааг зохицуулах

Ажил олгогч, даатгуулагч шимтгэл төлөх, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж тогтоох, олгох, тэдгээрийн гүйцэтгэлд хяналт тавих, хариуцлага тооцохтой холбогдсон энэ хуульд зааснаас бусад харилцааг Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох заалтаар зохицуулна.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгоход сонголт хийх эрх

Хуульд заасан болзлыг хангасан даатгуулагч Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу болон Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны тухай хуулийн дагуу тогтоогдох тэтгэврээс өөрт аль таатай байх нөхцөлийг сонгож болно.

Даатгуулагчийн боломжууд:

  • Нийгмийн даатгалын шимтгэлийг банкны цахим үйлчилгээ ашиглан төлөх боломжтой-Qpay, internet bank, online bank, mobile bank/;
  • Өөрийн шимтгэл төлөлтийг:
    • гар утасны APP ашиглан шалгах хянах боломжтой болсон ЭНД ДАРНА УУ ;
    • цахим шуудангаар хүлээн авч хянах боломжтой болсон ЭНД ДАРНА УУ ;
    • Хэрэв Таны шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн, буруу цалингаас тооцсон бол Нийгмийн даатгалын байгууллагад хандан шалгуулж шийдвэрлүүлэх эрхтэй. /утас: 7777-1289, 328030/
  • Нийгмийн даатгалын сангаас авсан тэтгэвэр, тэтгэмжийн мэдээллийг цахимаар шалгах боломжтой болсон ЭНД ДАРНА УУ;
  • Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн нийгмийн даатгалд цахимаар даатгуулах боломжтой болсон ЭНД ДАРНА УУ;