Нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах вэ?

  1. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ

Даатгал гэж юу вэ?

Хүний амьдралд учирч болзошгүй тааламжгүй үйл явдлын эрсдэлийг бууруулах, учирч болох хохирлыг хамгийн богино хугацаанд арилгах үр дүнтэй санхүүгийн арга хэрэгсэл нь даатгал юм.

Нийгмийн даатгал гэж юу вэ?

Нийгмийн даатгал нь иргэн болон төр, аж ахуйн нэгж, байгууллагаас зохих журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалын сан бvрдvvлэх, даатгуулагч өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, өвчлөх, ажилгvй болоход өөрт нь, тэрчлэн даатгуулагч нас барахад тvvний асрамжид байсан хvмvvст хууль тогтоомжид заасан тэтгэвэр, тэтгэмж, төлбөр өгөх зэрэг гэнэт бий болсон эрсдэлийг бууруулах, давж гарахад дэмжлэг үзүүлэх зорилго бүхий нийгэм эдийн засгийн харилцааг зохицуулсан үйлчилгээ юм.

II. НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХЭЛБЭР

Нийгмийн даатгал нь:

  • Албан журмаар даатгуулах
  • Сайн дураар даатгуулах гэсэн хэлбэртэй байна.

Нийгмийн даатгалд дор дурдсан ажилтан АЛБАН ЖУРМААР даатгуулна:

  • Аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл ажил гүйцэтгэх гэрээ, хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн; 
  • Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн нэгж, гадаад орны дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн; 
  • Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч; 
  • Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад ажиллаж байгаа Монгол Улсын иргэн. 

Ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ, ажил гүйцэтгэх гэрээ болон хөлсөөр ажиллах гэрээ байгуулан ажиллаж байгаагаас бусад дараах иргэн нийгмийн даатгалд САЙН ДУРЫН хэлбэрээр даатгуулж болно. Тухайлбал:

  • Бичил уурхай эрхлэгч;
  • Хувиараа хөдөлмөр эрхлэгч;
  • Малчин;
  • Газар тариалан эрхлэгч;
  • Чөлөөт уран бүтээлч;
  • Гадаад улсад ажиллаж, амьдарч буй иргэн;
  • Оюутан суралцагч.
  1. САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ТӨРӨЛ

 

Та нийгмийн даатгалд сайн дурын хэлбэрээр даатгуулахдаа дараах 3 төрлийн даатгалд даатгуулна. Үүнд:

  • Тэтгэврийн даатгал
  • Тэтгэмжийн даатгал
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал

 

  1. САЙН ДУРЫН ДААТГАЛД ХЭРХЭН ДААТГУУЛАХ ВЭ?

Гэрээ байгуулж, даатгуулах: Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах иргэд оршин суугаа аймаг, сум, дүүргийнхээ нийгмийн даатгалын байгууллага /байцаагч, ажилтан/-тай “Сайн дурын даатгалд даатгуулсан тухай гэрээ” байгуулна.

Энэхүү гэрээг 2 хувь үйлдэж 1 хувийг даатгуулагч /иргэн/, нөгөө хувийг нийгмийн даатгалын хэлтэс /байцаагч, ажилтан /-т хадгална.

Бүрдүүлэх материал:

  • Иргэний үнэмлэх (хуулбар);
  • 3x4 хэмжээний зураг — 1 ш;
  • Нийгмийн даатгалын дэвтэр.

Гэрээ цуцлах: Дараах тохиолдолд нийгмийн даатгалын байгууллагатай байгуулсан “Сайн дурын даатгалд даатгуулсан тухай гэрээ”-г цуцална. Үүнд:

  • Аж ахуйн нэгж, байгууллагад ажилд орох;
  • Өндөр насны тэтгэвэр тогтоолгох;
  • Нас барах зэрэг тохиолдолд шимтгэлийн тооцоог дуусгаж, аймаг, сум, дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс /байцаагч, ажилтан/ “Сайн дурын даатгалд даатгуулсан тухай гэрээ”-г цуцалсан шалтгааныг даатгуулагчийн нийгмийн даатгалын дэвтэрт бичиж, баталгаажуулж өгнө.
  1. V. САЙН ДУРЫН ДААТГАЛЫН ШИМТГЭЛ ТӨЛӨЛТ

Сайн дурын даатгуулагч нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-тай байгуулсан гэрээгээр тохирсон хугацаанд өөрийн мэдүүлсэн хөдөлмөрийн хөлс, орлогоос дараах хувь хэмжээгээр тооцон шимтгэлээ төлнө:

  • Тэтгэврийн даатгалд - 11,0% (2019 онд 11.5%, 2020 онд 12.5%)
  • Тэтгэмжийн даатгалд -  1,0%
  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд - 1,0%

Шимтгэл төлөх сарын орлогыг дараах байдлаар тодорхойлно. Үүнд:

  • Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулах иргэд нийгмийн даатгалын байгууллагатай тохиролцон хоёр талын гэрээ байгуулах бөгөөд гэрээнд шимтгэл тооцох сарын орлого, шимтгэл төлөх хугацаа (сар, улирал, хагас жил)-г тодорхой тусгаж өгнө.
  • Шимтгэл тооцох сарын орлогын доод хэмжээ нь Засгийн газрын баталсан тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй байна.
  • Шимтгэл тооцох сарын орлогын дээд хэмжээ тухайн үед мөрдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлснээс ихгүй байна.

АНХААР!... Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж болохгүй. Зөвхөн нийгмийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан сараас эхлэн гэрээгээр тохиролцсон хугацаанд шимтгэлээ төлнө.

 

Жишээ нь: Даатгуулагч 2018 онд сард дунджаар 300,000 ₮ орлогоос тооцуулж шимтгэл төлнө гэвэл

300,000 төгрөг x

11%

Тэтгэврийн даатгалын санд

33,000

= 39,000 төгрөгийг нийгмийн даатгалын санд төлнө.

1%

Тэтгэмжийн даатгалын санд

3,000

1%

ҮОМШӨ-ний даатгалын санд

3,000

 

 

 

 

 

Нийгмийн даатгалын шимтгэлийг сайн дурын хэлбэрээр төлөхдөө:

  1. Банкинд очиж төлж болно.
  2. Нийгмийн даатгалын цахим үйлчилгээг ашиглан төлж болно.

 

Даатгуулагчийн боломжууд:

  • Нийгмийн даатгалын шимтгэлийг банкны цахим үйлчилгээ ашиглан төлөх боломжтой-Qpay, internet bank, online bank, mobile bank/;
  • Өөрийн шимтгэл төлөлтийг:
    • гар утасны APP ашиглан шалгах хянах боломжтой болсон ЭНД ДАРНА УУ ;
    • цахим шуудангаар хүлээн авч хянах боломжтой болсон ЭНД ДАРНА УУ ;
    • Хэрэв Таны шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн, буруу цалингаас тооцсон бол Нийгмийн даатгалын байгууллагад хандан шалгуулж шийдвэрлүүлэх эрхтэй. /утас: 7777-1289, 328030/
  • Нийгмийн даатгалын сангаас авсан тэтгэвэр, тэтгэмжийн мэдээллийг цахимаар шалгах боломжтой болсон ЭНД ДАРНА УУ;
  • Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн нийгмийн даатгалд цахимаар даатгуулах боломжтой болсон ЭНД ДАРНА УУ;