"Холт" хүүхдийн олон улсын байгууллагын зөвлөхтэй уулзлаа

2017-05-17 15:37   Уншсан тоо: 145

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир өнөөдөр “Холт” хүүхдийн олон улсын байгууллагын зөвлөхтэй уулзлаа. Тус байгууллагын Зүүн хойд Азийн хөтөлбөр хариуцсан ахлах зөвлөхөөр ноён Дэвид Лим ажилладаг юм.

Хүүхдийн төлөө “Холт” ОУБ нь манай улсад 2000 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ удаагийн уулзалтаар тус байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, түүний үр шим, цаашид хамтран ажиллах талаар ярилцлаа. Мөн Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, эдгээр хуультай холбоотой шинээр бий болох үйлчилгээний талаар БНСУ болон бусад улсаас туршлага судлах, хурал, уулзалт, семинар зохион байгуулах зэрэг хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцаж, тохирлоо.

Одоогийн байдлаар “Холт” ОУБ-аас асрамжийн газар амьдардаг бага насны хүүхдийг илчлэг сайтай хоол тэжээл, амин дэмээр хангах, эрүүл өсч бойжиход нь анхаарах зорилгоор “Хүүхдийг нэмэгдэл хоол тэжээлээр сувилах нь төсөл”-ийг Нялхсын клиник сувилал, Хүүхэд асран хүмүүжүүлэх төвийн харьяа 58 дугаар цэцэрлэг дээр хэрэгжүүлж байна. Түүнчлэн СХД, ХУД-ийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй хамтарч нэн ядуу өрхийн хүүхдэд сар тутам 30 мянган төгрөгийн мөнгөн тусламж үзүүлэх “Хүүхдийн амьжиргааг дэмжих төсөл” хэрэгжүүлж байна.