С.Чинзориг: Хүүхдийн мөнгийг 100 000 төгрөг болгож, халамжийн тэтгэврийг 100 000-аар нэмэгдүүллээ

2020-05-06 17:55   Уншсан тоо: 372

Засгийн газрын өнөөдөр /2020-05-06/-ийн хуралдаанаар УИХ-аас баталсан Коронавируст халдвар /COVID-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд цар тахлын үед эдийн засгийг дэмжих хоёрдахь багц арга хэмжээний талаар хэлэлцэн тодорхой асуудлуудаар шийдвэр гаргалаа. Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоос тодрууллаа.

            -Дэлхий нийтэд дэгдсэн коронавирусийн цар тахлын үед эдийн засгийг эрчимжүүлэх, иргэдийнхээ амьжиргааг дэмжих зорилгоор Засгийн газраас үе шаттайгаар тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

            Эхний багц арга хэмжээний хүрээнд ажил олгогчийг дэмжих, ажлын байрыг хадгалах, иргэдийн орлогыг дэмжих зорилгоор иргэд, аж ахуйн нэгжийг нийгмийн даатгалын шимтгэл төлөхөөс зургаан сарын хугацаатай чөлөөлөх шийдвэр гаргасан нь амжилттай хэрэгжиж байна. Энэ арга хэмжээнд 39 мянган аж ахуйн нэгж, 705 мянган ажилтан, 120 мянган сайн дураар шимтгэл төлөгч хамрагдан нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөгдсөн.

            Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар УИХ-аас баталсан коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль өнөөдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлж байгаатай  холбоотойгоор цар тахлын үед хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх тухай хоёр дахь багц арга хэмжээний хөтөлбөрийг баталж, тогтоол гаргалаа.

            Цар тахлын үед эдийн засгийг сэргээх, эмзэг бүлгийн иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах хоёрдугаар багц арга хэмжээг хэрэгжүүлэх тогтоолын хүрээнд дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 6 сарын хугацаанд 0-18 насны хүүхэд бүрт сар болгон 100,000 төгрөг олгохоор боллоо. Одоо олгож буй 30 000 төгрөгийг 70 000-аар нэмэгдүүлж байна. Дөрөвдүгээр сарын үлдэгдэл 70,000 төгрөгийг өнөө маргаашдаа багтаж хүүхдүүдийн дансанд шилжүүлнэ. Энэ арга хэмжээнд 6 сарын хугацаанд 547.2 тэрбум төгрөг зарцуулах юм.

            Хоёрдугаарт, нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай бага орлоготой өрхийн насанд хүрсэн 122,3 мянган хүнд сар бүр 16 мянган төгрөгийн хүнсний талон олгодгийг 32 мянган төгрөг, 118,2 мянган хүүхдэд 8000 төгрөг олгодгийг 16 мянга болгож нэмэгдүүллээ. Энэ нэмэгдлийг тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хугацаанд олгоно.

            Гуравдугаарт, Нийгмийн халамжийн сангаас олгодог тэтгэвэр, тэтгэмжийг тавдугаар сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хугацаанд тус бүрт нь 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэх арга хэмжээнд халамжийн тэтгэвэр авдаг 3600 өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй 42 мянган иргэн, 116 одой хүн, тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг 16,5 мянган хүүхэд, 18 хүртэлх насны 4-өөс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эх сардаа 188 мянган төгрөгийн тэтгэвэр тэтгэмж авч буйн 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн 5 сарын хугацаанд 288 мянган төгрөг болгохоор боллоо.

            Дөрөвдүгээрт, малчдын орлогыг дэмжих зорилгоор малчин өрхүүдэд ноолуурын кг тутамд 20 000 төгрөгөөр тооцож урамшуулал олгох асуудлыг шийдлээ. Эдгээр дэмжлэгт 793.6 тэрбум төгрөг зарцуулах юм.