Б.Батжаргал: Шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцүү байхаар тогтоосон

2020-01-21 18:39   Уншсан тоо: 341

Энэ оны эхнээс хэрэгжиж буй хуулиудаас нэлээд хүлээлттэй байсан нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль юм. Хуулийн дагуу 1995-2019  хүртэл нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй иргэд нөхөн төлөх боломж бүрдэж байгаа.  Тиймээс нөхөн төлөлттэй холбоотой иргэдээс ирж буй түгээмэл асуултуудад ХНХЯ-ны Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Батжаргалаас хариулт авлаа.

-Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлөх хуульд хэчнээн иргэн хамрагдах урьдчилсан тооцоо байгаа вэ?

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хууль нэг жилийн хугацаанд буюу 2020 ондоо хэрэгжээд дуусах юм. Урьдчилсан байдлаар энэ хугацаанд малчин, хувиараа хөдөлмөр эрхэлж байсан 88 мянга орчим хүн хамрагдана гэсэн тооцоо бий.

-Шимтгэлд хэчнээн төгрөг төлөх вэ. Мөн шимтгэл төлөх хугацаагаа яаж тогтоохыг тайлбарлаж өгөөч?

-Шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод  хэмжээний 10 хувьтай тэнцүү байхаар тогтоосон. Энэ оны эхнээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сард 420 мянган төгрөг болсон тул үүний 10 хувь гэхээр сард 42 мянган төгрөг төлөх юм. Төлөх хугацааны хувьд иргэн өөрөө сонгоно. Хэрэв өөрөө тодорхойлж чадахгүй байгаа бол оршин суугаа газрынхаа дагуу харьяалагдах аймаг, сум, дүүргийн Нийгмийн даатгалын газар, хэлтэс болон ажилтанд хандан зөвлөгөө авах боломжтой.

-Мөнгөө цувуулж төлж болох уу?

-Нэг дор бөөн төлнө гээд журманд нь заачихсан байгаа. Тиймээс өөрт хэрэгтэй байгаа сараа тооцоод сарын 42 мянган төгрөгөөр үржүүлээд төлнө. Нэг жил бол 504 мянган төгрөг, хагас жил бол 252 мянга гэхчилэн тооцож төлөх юм.

-Шимтгэлээ нөхөн төлөхийн тулд малчнаар ажиллаж байсан, эсвэл хувиараа хөдөлмөр эрхэлж байсан гэдгээ яаж баталгаажуулах вэ?

-Малчнаар ажиллаж байсан гэдгийг батлах баримт нь жилийн эцсийн мал тооллогын А данс. Хэрэв А данс олдохгүй бол сум бүрт байгуулсан Малчныг тодорхойлох зөвлөлд хандах боломжтой. Малчид эрт тэтгэвэрт гарч буй тул ажилласан жилийн болзол нь арай өөр болсон. Тиймээс сумынхаа нийгмийн даатгалын байцаагчид хөдөлмөрийн дэвтрээ үзүүлээд өөрт нь хэчнээн жилийн шимтгэл нөхөн төлөх хэрэгтэйг тооцуулж, зөвлөгөө авч болно.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хувьд Татварын албанд бүртгүүлсэн, хүн амын орлогын албан татвар төлсөн байх шаардлага тавина. Орлогын албан татварын цэнхэр дэвтрээ авсан он сар болон татвар төлсөн мэдээллийг шалгаж нөхөн төлөлт хийлгэнэ.

-Хуульд заасан энэ хугацаанд шимтгэлээ төлөөгүйгээс бүрэн бус тэтгэвэр тогтоолгосон иргэд нөхөн төлөөд тэтгэврээ шинэчлэх боломжтой юу?

-Тэтгэвэр тогтоолгосон иргэн хамаарагдахгүй гээд хуульд заасан байгаа. Тиймээс тэтгэвэрт гараагүй буюу эдийн засгийн идэвхитэй хүн амд тооцогдох хүмүүст л хамаарна.

-Хуулийн дагуу нийгмийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх бол дээр хэлснээс өөр ямар бичиг баримт бүрдүүлэх вэ?

-Ямар бичиг баримт бүрдүүлэхийг хуульд тодорхой заасан байгаа. Оршин суугаа газрын тодорхойлолт, малчин байснаа нотолсон баримт тодорхойлолт, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн хувьд татвар төлж байсан тодорхойлолт, тухайн үед их, дээд сургуульд сурч байсан, ерөнхий боловсролын сургуульд сурч байсан талаарх мэдээлэл хэрэгтэй. Гэхдээ нийгмийн даатгалын байгууллага бүх мэдээллийг  заавал цаасан хэлбэрээр авчрахыг шаардахгүй. Тухайлбал, татварын байгууллагатай хамтран ажиллаж татварын мэдээллийг цахимаар авах боломжтой болгохоор зорьж байна. Төрийн байгууллагууд хоорондоо мэдээллээ солилцоод байж болно гэж бодож байгаа. Сурч байсан хугацааны мэдээллийг БСШУСЯ-наас авах боломжтой.

-Шимтгэл нөхөн төлүүлэх нь тэтгэврийн сангийн алдагдлыг нэмэх эрсдэлтэй гэж үзэх хүмүүс байдаг.

-Урьдчилсан байдлаар 88 мянган хүн шимтгэл нөхөн төлнө гэж үзэхэд НДС-д 133 тэрбум төгрөгийн орлого орно. Даатгалд хамрагдсан хүн бүр буцааж үр шимээ хүртэнэ. 2020 онд урьдчилсан байдлаар 42 мянган хүн тэтгэвэр авах тооцоо бий.