Гэр бүлийн тухай хуулийн төслийг Байнгын хороо дэмжлээ

2020-01-21 18:27   Уншсан тоо: 144

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны  өнөөдөр /2020.01.21/-ийн хуралдаанаар Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ .Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцуулсан.  

 С.Чинзориг сайд илтгэлдээ Монгол Улсын Гэр бүлийн тухай хууль 1999 онд батлагдсанаас хойш 20 дахь жилдээ хэрэгжиж байгаа бөгөөд нийт зургаан удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан боловч эдгээр нь гэр бүлийн харилцаанд тулгамдаад байгаа асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн гэхээс илүүтэй салбарын харилцааг зохицуулсан бусад хуулийн шинэчлэлийг дагалдан хийгдсэн байдгийг онцлов.

 Тэрбээр “Холбогдох судалгаанаас харахад Монголын гэр бүлд нэн тэргүүнд ахуйн анхдагч хэрэгцээгээ хангах асуудлыг шийдвэрлээгүй байдаг бөгөөд гурван гэрлэлт тутмын нэг нь санхүү, таван гэр бүл тутмын нэг нь орон байрны асуудалтай байгааг дурдаад судалгаанд хамрагдсан залуу гэр бүлийн 50.8 хувь нь ажлын байраар хангах дэмжлэг, 22.5 хувь нь орон сууц хүссэн бол 16.3 хувь нь орлого нэмэгдүүлэх боломж олгохыг хүсчээ.

Судалгаанд оролцогчдын 55.3 хувь нь гэр бүлийн зөрчил маргааны шалтгаан санхүү, өр зээл гэсэн бол согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэй хэмээн 15.7 хувь нь, хүүхдийн асуудлаас үүдэлтэй хэмээн 15.3 нь хариулсан жээ. Гэр бүл цуцлалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийж үзэхэд гэр бүр урт хугацааны турш хамт зүтгэсэн ч материаллаг хэрэгцээгээ хангаж чадахгүй байгаа нь гэр бүлээ цуцлуулах шалтгаан болдог хэмээн дүгнэж болно хэмээн сайд танилцуулгадаа дурдсан. Өрхийн санхүүгийн хүртээмжгүй байдал, хосын тааламжгүй харилцаа, хүчирхийлэл, гэр бүл цуцлалтын үр дагавар хүүхдэд хүндээр тусч, эрх нь зөрчигддөг. 

 Сүүлийн жилүүд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлээр олон ажил хийгдэж, олон нийтийн хандлагад эерэг өөрчлөлт гарч, эрүүл нийгмийн орчинд иргэд, эцэг эхчүүд, асран хамгаалагчдын хариуцлага, оролцоо нэмэгдэж, гэр бүлийн хүрээнд хүүхдийн эрхийг бүрэн дүүрэн хангах, эцэг эхчүүд үр хүүхдэдээ анхаарал тавьж, зөв хүмүүжүүлэх, эерэг хандлагатай болгох, гэр бүлийнхээ үнэт зүйлсийг сахин хамгаалах нь нийгмийн тулгамдсан асуудал хэвээр байна. 

 Эдгээр дурдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор Гэр бүлийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн гэрлэлт сайн дурынх байх, гэрлэгсэд тэгш эрхтэй байх, гэр бүлийн асуудлыг гэр бүлийн гишүүд харилцан тохиролцож, шийдвэрлэх, хариуцлагатай байх, хүүхдийг гэр бүлд нь өсгөн хүмүүжүүлэх, хүүхдийн ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах зарчмыг баримтлан төслийг боловсруулжээ. Түүнчлэн төрөөс гэр бүлд дэмжлэг үзүүлснээр гэр бүлийн амьдрал тогтворжиж, эцэг эхийн үүрэг хариуцлага нэмэгдэнэ” хэмээсэн.     Төслөөр төрөөс гэр бүлийг дэмжих үндсийг тогтоож, гэр бүлийн гишүүдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэх, гэр бүлийн гишүүний эд хөрөнгийн бус харилцааг зохицуулах зорилготой. Залуучуудыг гэр бүл болоход бэлтгэх, эцэг эхийн үүрэг хариуцлагыг ухамсарлуулах, гэр бүлийн харилцааны аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор гэр бүлийн боловсролыг хүүхэд байхаас албан боловсролоор олгох, залуучуудыг гэр бүл болохоос өмнө тусгай сургалтад хамруулах, гэр бүлд зөвлөгөө өгөх үйлчилгээг хөгжүүлэх зэрэг асуудлуудыг зохицуулахаар төсөлд тусгасан.  

 Хуулийн төсөл нь нийт 10 бүлэг, 102 зүйлтэй бөгөөд 1999 онд батлагдсан Гэр бүлийн тухай хуульд үндсэн асуудлаар 2 бүлэг, 26 зүйл шинээр, хуулийн 80 гаруй хувьд нь нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулга орсон байна. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг баталснаар гэр бүлд суурилсан хөгжил, хамгааллын бодлого хэрэгжих, төрийн үйлчилгээ гэр бүлд хүрэх бодит нөхцөл бүрдэх ач холбогдолтой хэмээн үзсэн байна. 

 Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд хуулийн төсөлтэй холбоотой асуулт асууж, саналаа хэлсний дараа Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжих томьёоллоор санал хураахад гишүүдийн 80 хувь нь дэмжив.