ЕРӨНХИЙ САЙД МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН МОНГОЛД УС АГААР МЭТ ХЭРЭГТЭЙ БАЙГААГ ОНЦОЛЛОО

2019-10-04 17:57   Уншсан тоо: 174

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар зохион байгуулсан Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөний нэгдсэн хуралдаан аравдугаар сарын 3-нд Төрийн ордонд боллоо.

  

            Салбар хуралдаанаар эхэлсэн улсын зөвлөгөөнд төрийн болон хувийн хэвшлийн 84 МСҮТ, Политехник коллежийн 2469 багшийг төлөөлж 600, төрийн болон иргэний нийгмийн байгууллагынхан, мэргэжлийн боловсрол сургалтын салбарын түнш ажил олгогчид, аймаг орон нутгийн удирдлага, мэргэжлийн холбоод, олон улсын донор байгууллага, төсөл хөтөлбөрийн ажилтнуудын төлөөлөл 200-гаад төлөөлөгч оролцсон.

  

            Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлсэн. Тэрбээр Засгийн газар эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх тогтолцоог хөгжүүлэх, багш, суралцагчдын ур чадварыг дээшлүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг үр өгөөжтэй болгох, төгсөгчдийг байнгын ажлын байраар тогтмол хангасан аж ахуйн нэгжүүдийг дэмжих зэргээр ажиллаж байгааг үгэндээ онцлоод “Газрын тос боловсруулах үйлдвэр, дулааны цахилгаан станц, цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлшний үйлдвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, “Чингис хаан” музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн театр, орон сууцны хороолол, Улаанбаатар хотын усны хангамжийг нэмэгдүүлэх, уул уурхай, авто зам гээд томоохон бүтээн байгуулалтад оролцох мэргэжилтэй ажилчид ус, агаар мэт хэрэгцээтэй байна” хэмээсэн.

  

           Ерөнхий сайд мөн цаашид аж ахуйн нэгжүүд, ажил олгогчид  Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах,  ажил,  мэргэжлийн чиг баримжаа олгох төвүүд байгуулах, хөгжлийн бэрхшээлтэй залуусыг сургах зэргээр идэвхтэй ажиллах шаардлагатай байгааг ч хэллээ.

            Улсын анхдугаар зөвлөгөөнд оролцогчдод УИХ-ын дарга илгээлт ирүүлж амжилт хүссэн. Мөн УИХ-ын НББШУ-ы байнгын хорооны дарга Д.Оюунхорол үг хэлж төрөөс мэргэжлийн боловсрол сургалтын салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, багш нарын нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн бодлого үйл ажиллагааны талаар ярилаа.

 

            Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын өнөөгийн байдал тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар дэлгэрэнгүй өгүүлсэн “Мэргэжлийн боловсрол сургалтын хөгжлийн хандлага-Мэргэжлийн багшийн шинэ дүр төрх” илтгэлийг тавьсан. Сайд илтгэлдээ мэргэжлйин боловсрол сургалтын салбарт түншлэл, салбар дундын зохицуулалт хангалттай биш байгааг дурдаад ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг бодитой тодорхойлох, зохистой нийцлийг хангах нь тулгамдсан асуудлын нэг болсон бөгөөд сургалтын агуулга, арга зүйн шинэчлэлийг өргөжүүлж гүнзгийрүүлэх, санхүүжилтийн тогтолцоог шинэчлэх нь чухал байгааг онцолж байлаа.