Ази, Номхон далайн бүсийн IV конгресс эхэллээ

2019-07-02 18:43   Уншсан тоо: 87

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV конгресс Улаанбаатар хотноо эхэллээ. Хоёр өдрийн турш үргэлжлэх буй энэхүү арга хэмжээнд Ази, Номхон далайн бүсийн 34, бусад бүс нутгийн есөн орны 600 гаруй төлөөлөгч оролцож, Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь”  сэдвээр тулгамдсан асуудлаа хэлэлцэж, өөр өөрийн орны сайн туршлагаа хуваалцаж байна.

Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй Конгрессыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Конгресс зохион байгуулах үндэсний хорооны дарга С.Чинзориг нээж хэлсэн үгэндээ хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд талархал илэрхийлээд энэхүү конгресс Ази, Номхон далайн орнуудын хөгжлийн бэрхшээлийн салбарт ажилладаг хүмүүсийг нэг дор цугларан ололт амжилт, туршлага сургамжаа хуваалцах боломжийг олгож буй арга хэмжээ учир Монгол Улсын Засгийн газар ихээхэн ач холбогдол өгч буйг онцлон дурдлаа.

Тэрбээр “Монгол Улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх эрх зүйн орчноо боловсронгуй болгох, нийгмийн хамгааллыг сайжруулах салбар дундын зохицуулалт, хамтын ажиллагааг боловсронгуй болгох, боловсролд тэгш хамруулах зэрэг чиглэлээр бидэнд бусдад туршлага болохуйц үр дүнтэй ажлууд бий. Хартн бие даан амьдрах эрхийг хангах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг нь сайжруулах чиглэлээр та бүхний туршлагаас суралцах сонирхолтой байна” гээд Конгрессыг зохион байгуулахад хамтран ажилласан Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв, Хамт олонд түшиглэн сэргээн засах сүлжээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөл, ЖАЙКА-гийн Улаанбаатар хот дахь Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл, Леонард Чешир, Си Би Эм, АЙФО, НҮБ-ын Хүүхдийн сан, Европын Холбоонд талархал илэрхийллээ.