Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэхээр зөвлөлдөв

2019-05-22 17:10   Уншсан тоо: 137

 

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор “Гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлье” үндэсний зөвлөгөөнийг Төрийн ордонд зохион байгууллаа. Уг зөвлөгөөнийг УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ХНХЯ-тай хамтран зохион байгуулсан бөгөөд гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх, түүний хэрэгжилтийг хангахад бүх шатны төрийн байгууллагуудын уялдаа холбоо, үүрэг оролцоог дээшлүүлэх, ажиллах нөхцөлийг сайжруулах зорилготой юм.

Үндэсний зөвлөгөөнийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэлж, “Гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх нь” үндсэн илтгэлийг УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарг Д.Оюунхорол тавилаа. Гэр бүл, хүүхдэд ээлтэй орчны бүрдүүлэхэд нийгмийн болон боловсрол, эрүүл мэндийн салбарын гүйцэтгэх үүргийн талаар дэд илтгэлүүдийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Бямбадорж нар танилцуулсан. Түүнчлэн уг зөвлөгөөнд Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга гэр бүлийн үнэ цэнийн талаар, НҮБ-ын суурин төлөөлөгч Алкс Хайкенс Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилт Монголд ямар байгаа талаар ярьсан бол гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд төрийн бус байгууллага, эцэг эхийн гүйцэтгэх үүргийн талаар судлаач Х.Баавгай, “Гал голомт” төвийн тэргүүн Д.Мөнхөө нар байр сууриа илэрхийллээ. Мөн зөвлөгөөнөөр гэр бүл, хүүхдэд ээлтэй орчны бүрдүүлэхэд цагдаагийн байгууллагын үүрэг, гэр бүл, хүүхдийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг болон ийм төрлийн гэмт хэргийн шүүн тасалсан байдал, хэвлэл мэдээллийн үүргийн талаар ч ярилцсан.

Гэр бүл, хүүхдийн эрхийн төлөө хуулиар үүрэг хүлээж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, эцэг эхийн төлөөлөл 800 гаруй хүн оролцсон үндэсний зөвлөгөөнд гэр бүл, хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэхэд нийгмийн салбарын гүйцэтгэх үүргийн талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг тавьсан илтгэлдээ салбарын хэмжээнд хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид баримтлах бодлого, онцгойлон анхаарах асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцууллаа. 

Хүүхэд, гэр бүлийн хамгааллын талаарх бодлого, хууль, эрх зүйн орчин сайжирч, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний чанар хүртээмж нэмэгдэж, тодорхой үр дүн гарч байгаа ч санаа зовоосон асуудлууд байсаар байгаа юм. Тухайлбал, ЦЕГ-ын тоон мэдээллээс харахад улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 486 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 105 хэргээр буюу 27.6 хувиар өсчээ. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэргийн 60.9 хувь нь Улаанбаатар хотод, 39.1 хувь нь орон нутагт гарсан байна. Гэр бүлийн харилцааны зөрчил, маргаантай байдал, архидан согтуурах зэрэг асуудлуудаас үүдэн гэр бүлийн хүчирхийлэл, гэрлэлт цуцлалт ихэсч, хүүхэд өнчирч гэр бүлийн элэг бүтэн амьдрал алдагдаж, хүүхдийн хүмүүжил төлөвшилд олон сөрөг хандлагууд бий болж байгаа юм. Засгийн газраас гэр бүлийн орчинд хүүхдийн эрхийг хамгаалах асуудлыг онцгойлон үзэж, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг тодорхой болгох, гэр бүлийн хөгжлийг дэмжих тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр тодорхой зохицуулалтыг тусгасан Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж УИХ-д өргөн барьсан. Уг хуулийг шинэчлэн боловсруулахдаа гэр бүл төвтэй хөгжлийн бодлогын зарчмыг баримтлан гэр бүлийн тогтвортой амьдралыг төрөөс дэмжиж, гэр бүлийн гишүүдийн эрхийг хангах, гэр бүлийн гишүүд, эцэг, эх, олон нийтийн гэр бүл, нийгэмд хүлээх үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхийг зорьсон бөгөөд эцэг, эхийн үүргээ биелүүлэхгүй байгаа хүмүүст хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох, гэр бүлийг дэмжих үйлчилгээнүүдийг хөгжүүлэх, гэр бүлийн боловсролыг бага наснаас нь олгох, төрөөс гэр бүлийн тогтвортой, амьдралыг дэмжих, гэр бүлийн маргаантай асуудалд хүүхдийн дээд ашиг сонирхлыг тэргүүн ээлжинд хамгаалах, асрамж, халамж шаардлагатай хүүхдийг гэр бүлийн орчинтой дүйцэхүйц орчинд асран хамгаалах, хүүхэд үрчлэлтийн харилцааг боловсронгуй болгох эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх асуудлыг зохицуулахаар тусгасан байна.

С.Чинзориг сайд эцэг эхчүүд, гэр бүл, хүүхдийн асуудлаар үүрэг хүлээгчдэд хандан хүүхдийн хөгжил төлөвшил, тэдэнд ээлтэй гэр бүлийн орчин бүрдүүлэхэд  дараах чиглэлд анхаарлаа хандуулж ажиллахыг хүслээ.  Үүнд:

  • Нэг ч хүүхэд нийгмийн бүхий л хүрээнд аливаа төрлийн хүчирхийлэлд, үүний дотор гэр бүлийн хүчирхийлэлд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэх,
  • Монгол Улсын бүх насанд хүрсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүүхдэд ээлтэй үйл ажиллагаа явуулах,
  • Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, түргэн нөхөн сэргээх,
  • Хүүхдийн эрхийн хууль зүйн хороо, Хамтарсан баг, Хүүхдийн элч, аймаг, нийслэлийн хүүхдийн төлөө зөвлөл, Нэг цэгийн үйлчилгээ, Түр хамгаалах байрны үйл ажиллагаа, байгууллага хоорондын хамтын ажиллагааг сайжруулах,
  • Эцэг эхчүүдэд өөрсдийн үүрэг хариуцлагаа ухамсарлаж ойлгоход тусалж,  иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх сургалт, сурталчилгаа, нөлөөллийн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах,
  • Хүүхдээ асрах, хүмүүжүүлэх зөв мэдлэг хандлагыг төлөвшүүлэх бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, хүмүүжлийн эерэг аргыг төлөвшүүлэх
  • Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай тасралтгүй зохион байгуулж, иргэдийн хяналт, оролцоо, сайн дурын үйл ажиллагааг дэмжиж хамтран ажиллах,
  • Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Гэр бүлийн тухай, Зөрчлийн тухай, Эрүүгийн тухай хуульд шаардлагатай нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсруулах
  • Хүүхэд, өсвөр үед зөв мэдлэг хандлагыг төлөвшүүлэх бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх,
  • Эцэг эхийн хараа хяналтнаас гадуурх хүүхдүүд, сургуульд суух зорилгоор гэрээсээ тусдаа өрх толгойлон амьдарч буй, мөн  дотуур байр болон айлд байдаг малчны хүүхдүүд, уул уурхайтай холбоотой шилжин суурьшигчдын  хүүхдүүдийн нөхцөл байдалд тогтмол хяналт тавьж, эрх нь зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх
  • Сургуулийн орчинд үйлдэгдэж буй хүүхдийн эрхийн зөрчил, үе тэнгийн ялгаварлан гадуурхалт, хүчирхийллийг бууруулах чиглэлээр нийгмийн ажлын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх,
  • Насанд хүрээгүй хүнийг ажилуулахыг хориглосон ажлын байрны жагсаалтыг мөрдүүлэхэд байгууллагын дотоодын болон иргэдийн оролцоо хяналтыг сайжруулах.

Зөвлөгөөнөөс гэр бүл, хүүхдэд ээлтэй эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр зөвлөмж гаргалаа.