“Ирээдүйн хөдөлмөр” дэлхийн илтгэлийг танилцууллаа

2019-05-21 20:07   Уншсан тоо: 259

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран өнгөрсөн онд Дэлхийн комиссоос батлан гаргасан "Ирээдүйн хөдөлмөр” Дэлхийн илтгэлийг танилцуулах гурван талт үндэсний хэлэлцүүлгийг “Новотел” зочид буудлын хурлын танхимд зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жил, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага бие даан  байгуулагдсаны 60 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд зохион байгуулсан юм.

“Ирээдүйн хөдөлмөр” Дэлхийн илтгэлд хурдацтай хөгжиж буй техник, технологийн дэвшил, өөрчлөлт, дижитал эринд хөдөлмөрийн салбарт ажиллагсдыг чадавхижуулах, ажлын байр, орчин, нөхцөл, тасралтгүй суралцах боломжоор хангах зэрэг асуудлыг онцолсон байна.

Хөдөлмөрийн салбарт шийдвэр гаргагчид, бодлого боловсруулагч нар, удирдах болон гүйцэтгэх түвшний албан хаагчдаас гадна эрдэмтэд, судлаач, багш, оюутнууд, иргэний нийгмийн байгууллагынхан зэрэг 100 гаруй хүн оролцож буй нь нийгмийн бүхий л салбарт илтгэлийн тухай мэдээллийг өгч сурталчлан танилцуулах ач холбогдолтой “Ирээдүйн хөдөлмөр” дэлхийн илтгэлийн хэлэлцүүлгийн нээлтийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хийсэн. Илтгэлийн танилцуулгыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Монгол Улс, БНХАУ-ыг хариуцсан товчооны захирал хатагтай Клэйр Куртью Мюлдэр танилцуулж, илтгэлийн талаар Монголын ажил олгоч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Х.Ганбаатар, МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар нар нийгмийн зөвшлийн талуудын байр суурийг илэрхийллээ.

Хэлэлцүүлэгт оролцогчид байгаль орчин, цаг уурын өөрчлөлт, техник технологийн дэвшил, дижитал эдийн засгийн хөгжил, хиймэл оюун ухаан, даяаршил, хүн ам зүйн өөрчлөлт, шинээр үүсч болох ур чадвар, шилжих хөдөлгөөн хүний хөдөлмөр, ажил эрхлэлтэнд хэрхэн нөлөө үзүүлж байгаа талаар санал бодлоо хуваалцлаа.