ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЛАА

2019-04-03 13:29   Уншсан тоо: 498

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээрт гарын үсэг зурах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-ийн холбоог төлөөлж тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ажил олгогчийг төлөөлж Монголын Үндэсний Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин нар гарын үсэг зурсан.Хөдөлмөрийн тухай хуулийн 138 дугаар зүйлийг үндэслэн 1999 онд Засгийн газар, ажил олгогч, ажилтны эрх ашиг, сонирхлыг төлөөлөн хамгаалах, тэнцүү тооны төлөөлөл бүхий Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороог байгуулсан бөгөөд 2000 оноос эхлэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт улсын хэлэлцээрийг хоёр жил тутам байгуулж, хэрэгжүүлэх ажлыг Засгийн газар, Монголын үйлдвэрчний эвлэл, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран зохион байгуулж ирсэн.

Хэлэлцээрээр улсын хэмжээнд дагаж мөрдөх хүн амын нийгмийн хамгааллын болон иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд үүссэн хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудлыг зохицуулдаг.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2019-2020 оны улсын хэлэлцээрийг  эхлүүлэх саналаа МҮЭ-ийн холбооноос Засгийн газар, МАОЭНХ-нд ирүүлсэнтэй холбоотойгоор Улсын хэлэлцээрийн төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулан ажиллуулсан. Ажлын хэсгээс хөдөлмөр, нийгмийн хамгааллын хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, нийгэмд тогтвортой байдлыг хадгалах, хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжин орлогыг нэмэгдүүлэх, ажиллагсдын цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, хөдөлмөрийн харилцаа, нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэхэд чиглэсэн нийт зургаан бүлэг 51 зүйл бүхий Улсын хэлэлцээрийн төслийг боловсруулсныг хэлэлцээрт оролцсон талууд зүйл заалт нэг бүрээр нь нарийвчлан хэлэлцэж санал нэгдсэний үндсэн дээр ийнхүү баталгаажуулсан юм.  

 

Энэ удаагийн Улсын хэлэлцээрт Засгийн газар хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон хөдөлмөр эрхлэлт, нийгмийн түншлэл, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн болон хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудлын талаар зөвшилцөх, цалин хөлсийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох, эрүүл мэндээс бусад салбарын төрийн үйлчилгээний болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалын цалингийн зөрүүг арилгах байр суурьтай оролцсон бөгөөд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 53, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос 15 санал ирүүлсэн байна. 

Улсын хэлэлцээрийг баталгаажуулж гурван тал гарын үсэг зурахын өмнө Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилт 83.2 хувьтай дүгнэгдсэнийг онцлоод “Засгийн газраас 2014 оноос хойш нэмэгдээгүй байсан цалин хөлсийг нэмэгдүүлэх шийдвэр гарган хэрэгжүүлснээр төрийн албан хаагчдын сарын дундаж цалин хөлс 916.0 мянган төгрөгт хүрч 2014 оны түвшингээс 27.5 хувиар нэмэгдсэн. Цалин нэмэгдүүлэх хоёр удаагийн арга хэмжээгээр эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухаан, соёл урлагийн салбарт ажиллагсдын цалин дунджаар 20.0 хувиар өссөн бөгөөд эрүүл мэнд, боловсрол, соёл урлагийн салбарын төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал, зэрэглэлийг ахиулан шинэчлэх болон цалин нэмэгдүүлэх хоё арга замаар төрийн албан хаагчдын сарын цалин, орлогыг нэмлээ. Түүнчлэн МҮЭХ, МАОЭНХ-той хамтран Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 05 дугаар тогтоолоор улсын хэмжээнд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 онд 320000 төгрөг, 2020 онд 420000 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоолоо.

Мөн даатгуулагч өөрөө хүсвэл эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа тэтгэвэрт гарах эрхтэй байх, тэтгэврийн насыг иргэнд хүндрэл багатайгаар буюу жилд гурван сараар нэмж 65 насанд хүргэхээр Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцэн баталлаа” хэмээн өмнөх хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд Засгийн газраас онцгой анхаарч ажилласныг товч танилцууллаа.   Тэрбээр мөн Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан иргэдийн орлогыг нэмэгдүүлэх эдийн засгийн боломжууд бий болж,  цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн дагуу нэмэгдүүлнэ гэдгийг хэлсэн.

Талууд улс орны эдийн засаг, нийгэмд тогтвортой байдлыг хадгалахад нийгмийн түншлэлийн талуудын зөвшилцөл, харилцан ойлголцол чухал гэдгийг онцлоод Улсын хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж хамтран ажиллахаа илэрхийллээ.