Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал авч байна

2018-11-23 14:35   Уншсан тоо: 1125

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 45 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”–ийн  3.3.18-д “Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн нэр төрлийг багцлан оновчтой тогтоож, халамжийг зорилтот бүлэгт чиглүүлнэ.”, Монгол Улсын Их Хурлын 2017 оны 11 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 174-д “Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас санаачлан боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх”  гэж тус тус тусгасаныг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсрууллаа. 

Нийгмийн халамжийн багц хууль анх 1995 онд батлагдсанаар нийгмийн зүгээс зайлшгүй дэмжлэг туслалцаа үзүүлбэл зохих бие даан амьдрах, өөртөө үйлчлэх чадваргүй эмзэг бүлгийн иргэдийг төр ивээлдээ авч, тэдний амьдралын баталгааг алдагдуулахгүй байх зорилготой нийгмийн халамжийн тогтолцоо манай улсад бий болсон юм. Үүнээс хойш Нийгмийн халамжийн хуулийг 1998, 2006, 2012 онд шинэчлэн найруулж, 2000 ба 2008 онд нэмэлт өөрчлөлт оруулжээ. 

Өнөөгийн байдлаар нийгмийн халамжийн чиглэлийн 6 хууль хэрэгжиж байгаа бөгөөд эдгээр хууль тогтоомжийн хүрээнд Монгол Улсын нийгмийн халамжийн үйлчилгээний хамрах хүрээ хэт өргөн буюу жилд 730.0 орчим мянган хүнийг хамарч, 4 хүн тутмын нэгд төрөөс халамж үзүүлж байгаа нь халамжийн үйлчилгээ зорилтот бүлэгт чиглээгүйг харуулж байна. 

Түүнчлэн зорилтот хэсэгт чиглэсэн тусламжийн нэг хүнд ногдох хэмжээ болон үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, нийгмийн халамжид хамрагдаж байгаа хөдөлмөрлөх чадвартай боловч халамж хүртдэг иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн шинэ төрлийн үйлчилгээнд хамруулах, өрх иргэдийг чадавхижуулах, сургах, зөвлөх, дэмжих нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг хүргэх шаардлагтай байна.  

Иймд энэхүү Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчлэлийн хүрээнд: 
1.    Халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг хөдөлмөр эрхлэлттэй уялдуулах
2.    Тэтгэвэр, тэтгэмжийг зорилтот бүлэгт чиглүүлэх, нэгтгэх багцлах 
3.    Нөхцөлт мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх
4.    Тэтгэвэр, тэтгэмжийг хугацаатай болгох, зогсоох, хэлбэрийг нь өөрчлөх
5.    Нийгмийн халамжийн үйлчилгээг шинэчлэх
6.    Нийгмийн халамжийн удирдлага, тогтолцоог сайжруулах асуудлыг тусган хуулийн төслийг боловсруулсан болно. 

Хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн халамжийн өнөөгийн тогтолцооны хамрах хүрээ нь оновчтой, зорилтот бүлэгт чиглэсэн, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байж, үйлчилгээ нь иргэдийн идэвхи сонголтод тулгуурлан хөдөлмөр эрхлэлтийн бодлоготой уялдсан, уян хатан, чанартай, хүртээмжтэй болно.                                                                              
Түүнчлэн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээний төрлүүдийг оновчтой тогтоон зарим хөнгөлөлт, тусламжийг нэгтгэн багцалснаар өрх, иргэнд олгогдож байсан тэтгэмж, үйлчилгээний давхардал арилж, халамжийн туслалцаа хамгийн их шаардлагатай ядуу иргэдэд чиглэсэн дэмжлэгт илүү хөрөнгө хуваарилагдах, тэдний амьжиргаанд эерэг нөлөө үзүүлэх боломжтой болно.

Хуулийн төсөлд өгөх саналаа gereltuya@mlsp.gov.mn tserenkhand@mlsp.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

Хуулийн төсөл, үзэл баримтлалыг хавсралт хэсгээс татаж авна уу.


Хавсралт файл

Гарчиг Татах
1 Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын үзэл баримтлал
2 Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл