МОНГОЛЫН ХҮҮХЭД БҮР ЖАРГАЛТАЙ АМЬДРАХ ЁСТОЙ

2018-05-31 17:34   Уншсан тоо: 406

МЭНДЧИЛГЭЭ

Эрхэм хүндэт хүүхэд багачууд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч Та бүхэндээ Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярын халуун мэндийг дэвшүүлье.

Анх 1925 онд Швейцарь улсын Женев хотноо чуулсан “Хүүхдийн сайн сайхны төлөө” дэлхийн улс орнуудын чуулга уулзалтаар жил бүрийн зургадугаар сарын 1-нийг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгохоор зарласан түүхэн үйл явдлаас хойш дэлхий нийт энэ өдрийг 93 дахь жилдээ тэмдэглэж байна. Манай улс дэлхийн соёл  иргэншилтэй мөр зэрэгцэн, 1952 оноос энэ өдрийг “Хүүхдийн баяр” хэмээн ёсчилж, үр хүүхдийнхээ төлөө  цаг зав, сэтгэл оюун, халуун дулаан хайраа зориулах баярт мөчүүдийн нэг болгон эх үрс, гэр бүлээрээ хамтдаа өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэхэд төр засгаас онцгойлон үзэж тэмдэглэсээр 66 дахь жилтэйгээ золгож буй юм.

 Энэ удаагийн Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, Хүүхдийн баярыг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэж байгаа нь учиртай. Хүүхдийн хөгжлийн анхдагч орчин нь гэр бүл. Тиймээс хүүхдээ зөв хүмүүжүүлэх, хөгжүүлэх, төлөвшүүлэхэд гэр бүлийн халуун, дулаан уур амьсгал, аав, ээжийн хайр энэрэл, үнэт сургааль, үүрэг хариуцлага хамгаас чухал гэдгийг эрхэмлэн, үнэт цагаа бяцхан үрс, гэр бүлдээ харамгүй зарцуулахыг эрхэм эцэг эхчүүддээ уриалж байна.

Монгол Улс сүүлийн жилүүдэд хүүхэд, гэр бүлийн чиглэлээр хууль эрх зүйн орчныг шинэчлэх, энэ чиглэлээр хэрэгжүүлэх бодлогоо тодорхойлох, хүүхдийн хөгжил, хамгааллын үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэхэд ихээхэн ахиц дэвшил гаргасан. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хүүхэд бүрийн эрүүл, аюулгүй орчинд өсч, хүмүүжих, хөгжих, сурч боловсрох, үзэл бодлоо илэрхийлэх, нийгмийн амьдралд оролцох, хамгаалагдах үндсэн эрхийг хангахад чиглэсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа юм.

            Цаашид хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг өнгөрүүлэх орчин нөхцөлийг сайжруулах, материаллаг баазыг нэмэгдүүлэх, хүүхдийн зуслангийн хөгжлийн хөтөлбөрийг санхүүжүүлэх, хөгжлийн үйлчилгээний нэр төрлийг тодорхойлж, үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд төр засаг, салбарын яамны зүгээс онцгой анхаарал хандуулан ажиллах болно. 

 

Хүүхдүүд та нар минь монгол ёс уламжлал, түүх соёлоо мэддэг, эрхээ хамгаалж, үүргээ биелүүлж чаддаг, эх орон, аав ээж, ахан дүүс, ахмад настнаа хүндэлдэг, байгаль эх дэлхийгээ хайрладаг, буруу муу зуршлаас хол, гэгээн мөрөөдөл, зорилгыг эрхэмлэн түүндээ хүрэхийн төлөө шантралгүй зүтгэдэг байж гэмээ нь ирээдүйд сайн хүн болж, сайхан амьдрахын эхлэл болно гэдгийг санаж хичээн суралцаарай.

Монголын хүүхэд бүр инээд хөөр, баяр баясгаланд умбаж, аз жаргалтай амьдрахын ерөөл өргөе.

 

Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн,

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Содномын ЧИНЗОРИГ