Нийгмийн даатгал асуултууд

Хариулт №1:

Нийгмийн даатгалын тухай хуульд заасанчлан ажил олгогчоос ажилтны дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0,3 хувийн алданги ногдуулахаар заасан байдаг бөгөөд хэрэв ажилтанг ажилд орсон өдрөөс эхлэн нийгмийн даатгалын дэвтэр нээж баталгаажуулаагүй, уг зөрчлийн улмаас даатгуулагчийн эрх ашгийг хохироосон бол албан тушаалтныг 10000-50000, байгууллага, аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулахаар тус тус заасан байна. Иймд та хуучин ажиллаж байсан байгууллагадаа хандан нийгмийн даатгалын дэвтрээ бичүүлэх, баталгаажуулж өгөхийг шаардах эрхтэй бөгөөд шаардлагыг эс биелүүлвэл холбогдох хяналт, шалгалтын байгууллагад хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Хариулт №2:

16 хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг төрөөс хариуцдаг. Түүнчлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүүхдийн төрсний гэрчилгээг үндэслэн үзүүлэх тул 0-16 насны хүүхдэд эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ авах шаардлагагүй.
 

Хариулт №3:

Эрүүл мэндийн даатгал нь зөвхөн Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа даатгалын гэрээ бүхий эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний төлбөрийг эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцан төлдөг.
 

Хариулт №4:

Эмнэлэг даатгуулагчийг хэвтэн эмчлүүлэх хугацаанд зайлшгүй шаардлагаар өвчний түүхэнд бичигдсэн эм, тариа ороох боох материалыг өөрөөр нь гаргуулж хэрэглэсэн тохиолдолд зах зээлийн жишиг үнээр тооцон тухайн тусламж, үйлчилгээ үзүүлсэн улсын эмнэлэг буцаан олгох үүрэгтэй. 

Хариулт №5:

Та эрүүл мэндийн даатгалд даатгуулсан бол аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрөлтэй, магадлан итгэмжлэгдсэн, сонгон шалгаруулалтад тэнцсэн, эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллагатай даатгалын гэрээ байгуулсан эмийн сангуудаас өрх, сум, багийн эмчийн бичсэн жорын дагуу харьяалал харгалзахгүйгээр эмийн үнийн хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. 

Хариулт №6:

ЭМД-д даатгуулсан даатгуулагч та аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн нэгдэл, бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 10 хувийг, улсын хэмжээний үйлчилгээтэй клиникийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд тусламж, үйлчилгээний зардлын 15 хувийг өөрөө хариуцан төлөх бөгөөд үлдсэн 85-90 хувийг нь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг юм. Үүнээс өөр нэмэлт төлбөр төлөхгүй. Түүнчлэн даатгуулагч нь эрүүл мэндийн даатгалын сангаас  жилдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн дээд хязгаар болох 2,0 сая төгрөг хүртэл хэмжээний эмчилгээ, тусламж үйлчилгээний санхүүжилт авах эрхтэй гэсэн үг. Таны авсан эмчилгээ, тусламж үйлчилгээний зардлын төлбөр энэхүү зардлаас хэтэрсэн тохиолдолд даатгуулагч өөрөө төлөх учиртай.
 

Хариулт №7:

Оюутан хүн нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болно. Нийгмийн даатгалд сайн дураар даатгуулахын тулд өөрийн оршин суугаа дүүргийнхээ эрүүл мэнд, нийгмийн даатгалын байгууллага (байцаагч)-д хандан сайн дурын даатгалын гэрээ байгуулна. Энэхүү гэрээнд шимтгэл төлөх сарын хөдөлмөрийн хөлс, орлогын хэмжээ болон хамрагдах  хугацааг тодорхой тусган баталгаажуулж, улмаар өөрийн мэдүүлсэн орлогоосоо 12%-иар тооцон нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тэтгэврийн, тэтгэмжийн, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд тус тус хамрагдана гэсэн үг юм. 
 

Хариулт №8:

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний  тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль болон  Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолд  “ажилдаа ирэх, буцах замдаа аливаа тээврийн хэрэгслээр буюу явган явж байхдаа ...” осолд өртсөн тохиолдлыг  үйлдвэрлэлийн осолд тооцохоор заасан.

Тэгэхээр даатгуулагчийн ажилдаа ирж байх хугацаанд автын осолд өртсөн тохиолдлыг энэхүү хууль, тогтоожид заасны дагуу үйлдвэрлэлийн осолд оруулан тооцно.
 

Хариулт №9:

Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Хуанлийн жилд 7 сараас доошгүй хугацаагаар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтныг жилийн туршид нийгмийн даатгалд даатгуулсанд тооцно” гэж хуульчилсан.

Иймээс тус ажил олгогч нь хуулийн дээрх заалтыг баримтлан үйл ажиллагаа зогсоосноос хойших ажиллагсдын ажиллаагүй 3-4 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн төлбөл зохих шимтгэлийн хувь хэмжээ (11.0,12.0,13.0%)-гээр тооцож даатгалын санд сар бүр төлж, тайлагнах үүрэгтэй. Энэ тохиолдолд нэгэнт тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацааны  шимтгэлийг ажил олгогч нь хариуцан хуулийн дээрх заалтын дагуу  санд тасралтгүй төлөх үүрэгтэй учраас сайн дурын даатгалд  давхар даатгуулах шаардлагагүй болно.
 

Хариулт №10:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3-ын 3 дахь хэсэг, Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан журамд заасны дагуу хүүхдээ асрахаар чөлөө авсан эхийн чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг ажил олгогч байгууллага нь Засгийн газраас тогтоон тухайн үед мөрдүүлж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс  ажил олгогчийн төлбөл зохих тэтгэвэр, тэтгэмжийн даатгалын хувиар тооцож сар бүр Нийгмийн даатгалын санд төлж байхаар зохицуулсан байдаг. Тиймээс хүүхдээ асрахаар чөлөө авсан бол чөлөөтэй байх хугацааны шимтгэлийг ажил олгогч төлөх үүрэгтэй.
 

Хариулт №11:

Нийгмийн даатгалын тухай хуулийн  32  дугаар  зүйлд  нийгмийн даатгалын шимтгэл ногдуулах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг тодорхой тусгаж  хуульчилсан байгаа. Даатгуулагчдад олгож буй дээр дурдсан хоол, унааны зардал, түлээ, нүүрсний хөнгөлөлт нь Нийгмийн даатгалын тухай хуулийн  32 зугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4-т  заасан “аж ахуйн нэгж, байгууллагаас ажилтанд олгож байгаа хоол, унааны зардал, орон сууц, түлээ, нүүрсний үнийн хөнгөлөлт, түүнтэй адилтгах бусад орлого”-д  хамаарах тул шимтгэл ногдуулах  сарын хөдөлмөрийн хөлс, орлогын бүрэлдэхүүнд оруулан тооцно.
 

Хариулт №12:

Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хэрэв тухайн ажилтны буруутай биш шалтгаанаар сул зогсолт хийсэн бол уг хугацаанд байгууллага нь ажилтнуудад үндсэн цалингийн 60 хувь түүнээс дээш хэмжээний олговор олгоно. Ажилтнуудад энэхүү хугацаанд олгож буй олговрын хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур байж болохгүй. Иймд байгууллагаас олгож буй сул зогсолтын үеийн олговроос шимтгэлээ төлж байгаад ажлаасаа халагдсан ажилтнууд нь Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд заасан нөхцөл, болзлыг хангасан бол ажилгүйдлийн тэтгэмж олгоно.
 

Хариулт №13:

Ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд зааснаар урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авч байсан даатгуулагч ажилд орсноос хойш 12 сар шимтгэл төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж дахин авах эрх үүснэ.
 

Хариулт №14:

Шүүхээр гэм буруутай нь тооцогдож, ял эдэлнэ гэдэг нь тухайн хүний эрх хуулийн дагуу хязгаарлагдаж, хорих ангид хөдөлмөрийн харилцаанаас өөр харилцаа үүсч байгаа юм. Ийм тохиолдолд ял эдэлж байгаа хүний хөдөлмөрлөх боломж, олж байгаа хөдөлмөрийн хөлсний хэмжээ, давтамж зэргээс хамааралтайгаар нийгмийн даатгалын шимтгэл төлөх боломж нөхцөл хязгаарлагддаг учраас ялтны хөдөлмөрийн хөлснөөс ялангуяа тэтгэврийн даатгалын шимтгэл төлүүлэх асуудал өнөөгийн хуулинд тусгагдаагүй болно.
 

Хариулт №15:

Болно. Энэ тохиолдолд даатгуулагч өмнө нь төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, ажилласан жилээ тасалдуулахгүйн тулд ажлаас чөлөөлсөн тушаал гарсан өдөр буюу сараас эхлэн оршин суугаа аймаг, дүүргийнхээ нийгмийн даатгалын хэлтэст хандан сайн дурын даатгалын гэрээ байгуулан хамрагдах боломжтой.
 

Хариулт №16:

Тэтгэврийн даатгал (10%), Тэтгэмжийн даатгал (1.0%), Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал (1.0%) тус тус даатгуулна. Сайн дурын даатгалыг нэг жилийн хугацаатай гэрээ байгуулах боломжтой ба 3 удаа сунгаж болно.
 

Хариулт №17:

Нийгмийн даатгалын тухай хуулийн 15.2-т сайн дураар даатгуулагчийн төлбөл зохих шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 12 хувиас багагүй байхаар тогтоосон бөгөөд тэтгэврийн, тэтгэмжийн болон үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд хамрагдахаар зохицуулсан болно. Энэ заалтын дагуу та одоогийн мөрдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 240000 төгрөгнөөс эхлэн шимтгэл төлөх орлогын дээд хэмжээ болох хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү 2400000 төгрөг хүртэл хэмжээнд шимтгэл төлөх орлогоо тодорхойлоод түүнээсээ 12 хувиар тооцон шимтгэлээ төлж нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж болно.

Хариулт №18:

Хөнгөвчлөх үйлчилгээнд  хорт хавдраас бусад өвчин эмгэгтэй хүмүүс хамрагдах боломжтой. Тухайлбал маш их өвдөлттэй, өөрт нь зовиур ихтэй, зөвхөн өвдөлт намдаах эмчилгээ, эсвэл асаргаа сувилгаа шаардлагатай  байгаа даатгуулагч  эмнэлэгт хэвтэн хөнгөвчлөх үйлчилгээ авахад  эрүүл мэндийн даатгалын сангаас  зардлыг олгох боломжтой. Эдгээр  хүмүүс  өвчний түүх нээлгэн эмнэлэгт хэвтэн тусламж үйлчилгээ авсан тохиолдод  даатгалаас тухайн тусламж, үйлчилгээний зардлыг санхүүжүүлнэ.

Хариулт №19:

Болно. Гэхдээ тухайн орон нутгийн засаг захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан, магадлан итгэмжлэгдсэн, ор бүхий хувийн хэвшлийн эмнэлгээр үйлчлүүлсэн тохиолдолд тогтоосон тарифын дагуу нийгмийн даатгалын байгууллагаас эмчилгээний зардлын төлбөр хийнэ. Харин аймаг, дүүргийн Эрүүл мэндийн газраас зөвшөөрөл олгосон эмийн сангаар үйлчлүүлсэн даатгуулагч эмийн үнийн хөнгөлөлт эдэлнэ.