Хөдөлмөр эрхлэлтийн тухай асуултууд

Хариулт №1:

“Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ын 2 дугаар зүйлд мэргэжлийн сургалтын зорилго, хамрах хүрээг тодорхойлж тусгасан. Иймд журмын 2.2-т чиглэсэн үйл ажиллагааг тавигдах шаардлагын дагуу эрхлэн явуулж болох бөгөөд үүнд ямар нэгэн мэргэжлийн сургалтын чиглэлийг индексжүүлээгүй болно. /Гол нь журамд тавигдах шаардлага хангасан байх/
Энэхүү журмыг http://www.legalinfo.mn/law/details/12275?lawid=12275  холбоосоор татаж авна уу.

Хариулт №2:

“Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам”-д заасан тавигдах шаардлагыг хангасан мэргэжлийн сургалтын байгууллагын төлж буй мөнгөн хураамж нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, МУ-ын Засгийн газрын 2011 оны 99 дүгээр тогтоолоор баталсан Тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээ тогтоох тухай тогтоолын 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь заалтын дагуу    дагуу хууль, тогтоомжид нийцүүлэн төлөгдөж байгаа бөгөөд энэхүү хураамж нь улсын болон орон нутгийн төсвийн орлогод төвлөрдөг болно.

Хариулт №3:

Мэргэжлийн сургалтын байгууллагын үйл ажиллагаа эрхлэн явуулж буй тухайн байгууллага нь уг журмын 3.1-д заасан  тавигдах шаардлагын дагуу холбогдох материалыг зайлшгүй бүрдүүлж, мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэлд хамрагдах ба мэргэжлийн сургалтын үйл ажиллагааг сургалтын хөтөлбөр чиглэлийн дагуу явуулын хэлбэрээр зохион байгуулах боломжтой.

Мэргэжлийн сургалтын хөтөлбөр нь  журмын 4.2-т зааснаар мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх болон аж ахуй, бизнес эрхлэхэд шаардагдах мэргэжлийн суурь мэдлэг, ур чадвар, чадамж, дадал эзэмшүүлэхэд чиглэсэн учир сургалтын хөтөлбөрийн боловсруулж, мэргэжлийн ур чадварыг эзэмшүүлэх чадамжид суурилсан байна.

Хариулт №4:

“Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоох журам”-ыг мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтын дагуу Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын хамтран баталсан 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/216, А/104 дугаар тушаалаар шинэчлэн батлан хэрэгжүүлж байна.
Энэхүү журмыг мэргэжлийн сургалтын байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, чанаржуулах,  төрийн үйлчилгээг олон шат дамжлагагүй, хөнгөн шуурхай, чирэгдэлгүй үйлчлэх зарчмыг баримтлан холбогдох хуульд нийцүүлэн боловсруулсан. Түүнчлэн иргэний авьяас, сонирхол, хөдөлмөр эрхлэх хэрэгцээнд тулгуурлан мэргэжлийн боловсролын үндсэн зарчимд нийцүүлэн сургалтын үйл ажиллагаа явуулах, иргэдийн суралцах орчин, нөхцөл боломжийг сайжруулах, хөдөлмөр эрхлэх ур чадвар, чадамжийг дээшлүүлж бие даан аж ахуй, бизнес эрхлэх чадвар эзэмшиж хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэх болон төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх үйл ажиллагааны үр дүнг сайжруулахад зохих хувь нэмэр оруулж үр дүн гарна гэж тооцсон. Мөн энэхүү журам нь 8 бүлэг, 35 зүйл, 11 заалт тусгагдаж, мэргэжлийн сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, сургалтын агуулга, хөтөлбөрийг тодорхой болгон, удирдлага зохион байгуулалт, хяналт, тайлантай холбогдох зохицуулалтыг нэмж тусгаснаараа ач холбогдолтой юм.
 

 

Хариулт №5:

1995 онд батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нийтдээ 20 жил шимтгэл төлсөн буюу ажилласан хүн тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэвэр, илүү ажилласан жил тутамд 1,5 хувийн нэмэгдэл авахаар, өөрөөр хэлбэл ажилласан жил нэмэгдэхийн хирээр тухайн хүний тэтгэвэр өндөр байхаар зохицуулсан билээ. Энэ нь хүн бүр ажил хөдөлмөр эрхэлж байх үедээ илүү шимтгэл төлж, тэтгэвэрт гарахдаа өндөр тэтгэвэртэй байхыг урамшуулах зорилготой юм. 
Гэвч одоогийн тэтгэврийн даатгал хөдөлмөр эрхлэлтийн онцлогт нь нийцэхгүй байгаа, тогтмол бус орлоготой малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд зориулж, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 1.4.10-д тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор малчдын тусгай тэтгэврийн тогтолцоог бий болгох, тэтгэврийн олон давхаргат тогтолцооны 2 дахь давхаргад хамруулах асуудлыг төрөөс тэтгэврийн талаар баримтлах бодлого, тэтгэврийн шинэчлэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд авч үзэж байна. 
Түүнчлэн тэтгэврийн олон давхаргат тогтолцооны эхний давхаргыг Монгол Улсын иргэн шимтгэл төлсөн эсэхээс үл хамааран улсын төсвөөс тодорхой хэмжээний тэтгэвэр авахаар Суурь тэтгэврийн тухай хуулийн төсөл, түүнчлэн малчны тэтгэврийн даатгалын асуудлыг судлан боловсруулж байна.

Хариулт №6:

Монгол Улсын Засгийн газраас ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, ялангуяа тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг 1995 оноос эхлэн дэс дараатай авч ирсэн билээ. 
Үнийн өсөлттэй уялдуулан тэтгэврийг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газраас нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээг авахдаа хоёр үндсэн аргыг хэрэглэж байна. Үүний нэг нь нэгэнт тогтоогдсон тэтгэврийн хэмжээг өмнөх хүрсэн түвшингээс нь тодорхой хувиар, эсхүл тоон хэмжээгээр нэмэгдүүлж байна. Нөгөө нэг арга нь тэтгэвэр бодсон хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогыг инфляцийн түвшинтэй уялдуулан индексжүүлэх буюу итгэлцүүрээр өсгөж тооцох арга юм. Өөрөөр хэлбэл тэтгэврийн хэмжээг богино хугацаанд инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх тохиолдолд нэг дэх аргыг, удаан хугацааны туршид инфляцийн нөлөөгөөр худалдан авах чадвар нь буурсан цалин хөлсийг индексжүүлж  өнөөгийн түвшинд буюу тэтгэвэр бодох суурь цалин хөлсний хэмжээг ижил түвшинд хүргэхэд  хоёр дахь аргыг хэрэглэж байна. Тухайлбал, 2007 онд Засгийн газрын 109 дүгээр тогтоолоор баталсан итгэлцүүр хэрэглэж, тэтгэврийг шинэчлэн бодсоноос хойш өнөөг хүртэл хугацаанд та бүхний тэтгэврийг 2007 онд 7500-11250 төгрөгөөр, 2008 онд  20,0 хувиар, 2010 онд 30 хувиар нэмэгдүүлэх арга хэмжээ тус тус авсан билээ. 
Дээрх тэтгэвэр нэмэгдүүлэх арга хэмжээний үр дүнд 2008-2010 оны хооронд тэтгэвэр нийт дүнгээрээ 56 хувиар өсчээ. Харин энэ хугацаанд үнэ 2008 онд 22,1 хувь, 2009 онд 4,2 хувь, 2010 онд 13,1 хувиар /урьдчилсан байдлаар/, нийт дүнгээрээ 43,9 хувиар өссөн байна. Өөрөөр хэлбэл сүүлийн 3 жилийн хугацаанд тэтгэврийн өсөлт үнийн өсөлтөөс даруй 10 гаруй хувиар илүү байна. 
Гэсэн хэдий ч тэтгэврийн хэмжээ харьцангуй доогуур байгаа гэдэгтэй бид санал нэг байна. Тийм ч учраас тэтгэврийн шинэчлэл хийх асуудлыг нухацтай авч үзэж байгаа болно. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлэх, ахмад настнуудынхаа ахуй амьдралыг дэмжих талаар цаашид ч арга хэмжээ авах болно.

Хариулт №7:

УИХ-аас 1994 онд баталсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй байхаар зохицуулсныг 1999 онд хуульд орсон өөрчлөлтөөр эрэгтэй, эмэгтэй адилхан 60 нас хүрсэн бол, харин 55 насанд хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох эрхтэй байхаар өөрчилсөн юм. Өнөөдрийн хувьд тэтгэврийн нас энэ хэвээрээ байгаа болно.  
Гэхдээ цаашид монгол хүний дундаж наслалт уртсаж байгаа, 20-иод жилийн дараагаас хүн ам насжиж, ахмад настны тоо эрс нэмэгдэх, шимтгэл төлөгчдийн тоо буурах хандлагатай байгаа учраас тэтгэвэрт гарах насыг эдийн засгийн нөхцөл байдал, ажлын байрны олдоц зэргийг харгалзан үзэж урт хугацаанд шийдвэрлэх болно.

Хариулт №8:

Нийгмийн даатгалын тухай хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон өндөр настнуудын тэтгэврийг Засгийн газрын 1997 оны 201 дүгээр тогтоолооршинэчлэн тогтоож, хууль эрх зүйн ижил орчинд шилжүүлсэн билээ. Ингэхдээ тухайн үед иргэдийн авч байсан тэтгэврийг бууруулахгүй байх бодлого баримталж, хэрвээ шинэчлэн тогтооход тэтгэврийн хэмжээ нь буурахаар байвал иргэний тухайн үед авч байсан тэтгэврийг хэвээр нь олгосон билээ. Үүнийг Засгийн газрын 201 дүгээр тогтоолын 2-ын “б”-д “тухайн тэтгэвэр авагчийн одоогийн авч буй тэтгэврийн хэмжээг бууруулахгүй байх” гэж зааснаас харж болно.

Түүнээс хойш удаан хугацааны туршид инфляцийн нөлөөгөөр худалдан авах чадвар нь буурсан цалин хөлсийг итгэлцүүр /индекс/-ээр өсгөж, өнөөгийн түвшинд хүргэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 1997- 2007 онд тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын итгэлцүүрийг хэд хэдэн удаа шинэчлэн тогтоож, иргэдийн өмнө тогтоолгосон тэтгэврийг  нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авсан билээ. Ийнхүү итгэлцүүр хэрэглэж, иргэдийн тэтгэврийг шинэчлэн тогтоохдоо 1997 оны Засгийн газрын 201 дүгээр тогтоолын 2-ын “б” заалттай адил буюу тухайн үед авч байсан тэтгэврийн хэмжээнээс нь бууруулахгүй байх зарчмыг баримталсан бөгөөд 2007 онд тэтгэвэр бодох суурь цалин нь ижил түвшинд очсон учраас тухайн үед хүлээн зөвшөөрөгдөж байсан тэтгэврийн зөрүү үндсэндээ арилсан гэж үзэх үндэслэлтэй.
Харин 1995 онд батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тухайн хүний тэтгэвэр нь шимтгэл төлсөн буюу ажилласан хугацаа, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын хэмжээнээс хамааралтай тогтоогдохоор зохицуулсан, ялангуяа тэтгэврийн хэмжээнд нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг болох цалин хөлсний түвшинд 1990 оноос хойш гарсан өөрчлөлтүүдтэй холбоотойгоор тэтгэвэр ялгаатай тогтоогдож байна.

Тухайлбал:

1/ Манай улс 1990 оноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр төрийн өмчийн үйлдвэрүүд хувьчлагдаж, аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө эдийн засгийн чадавхийг харгалзан, ажилчдынхаа цалин хөлсний хэмжээг өөрсдөө тогтоодог болсон. Ийм учраас өөр өөр компанид ажиллаж байгаа ижил мэргэжлийн хүмүүс ч харилцан адилгүй цалинтай байгаа болно.

2/ Төрийн албан хаагчдын цалин хөлсний хэмжээ 1990 оноос хойшхи үнийн өсөлтөөс харьцангуй хоцорч явсан бөгөөд 2006-2008 оны хооронд мэдэгдэхүйц нэмэгдэж, хувийн хэвшлийн түвшинд дөхөж очсон байна. Энэ хугацааны цалингаа тэтгэвэр тогтоолгох 5 жилийн дундаждаа оруулан тооцуулж байгаа учраас төрийн албанаас тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн тэтгэвэр харьцангуй өндөр тогтоогдох болсон.

3/ 1990 оноос хойш багш, эмч, нягтлан бодогч, тогооч гэх зэрэг олдоцтой мэргэжлийн хүмүүс  цалингаа нэмэгдүүлэх буюу хэд хэдэн газарт давхар ажиллах, эсвэл өөр ажил давхар гүйцэтгэж орлогоо нэмэгдүүлэх боломж нээлттэй болсноор иргэдийн тэтгэвэр өндөр тогтоогдож байна. Тийм учраас нягтлан, эсвэл тогооч гэх мэт ижил мэргэжилтэй хүмүүс ойролцоо тэтгэвэртэй байх тухай ойлголт одоо байхгүй болоод байна. 
Ийм учраас 1995 оноос өмнө ба хойно тогтоолгосон ижил мэргэжлийн, адил хугацаанд ажилласан иргэд адил хэмжээний тэтгэвэр авах ёстой гэсэн төсөөлөл бодитой биш болж, тэдний тэтгэврийн хэмжээ адил байх үндэслэлгүй болно.
Харин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн тогтолцоог шинэчлэх хүрээнд тэтгэврийн олон давхаргат тогтолцоог бий болгохоор, ялангуяа өндөр насны суурь тэтгэвэр бий болгох урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэхэд чиглүүлж, Монгол Улсын иргэн тодорхой насанд хүрээд (60 нас) төрөөс тодорхой хэмжээний буюу тэтгэврийн хэмжээнээс хамаарч ялгаатай тэтгэвэр авдаг эрхтэй байхаар хуулийн төсөл боловсруулж байна. Энэхүү хуулийн төсөл батлагдвал бага тэтгэвэртэй иргэдийн тэтгэвэр нэмэгдэж, огт тэтгэвэр авдаггүй иргэд тодорхой хэмжээний тэтгэвэр авах боломжтой болох юм