Тэтгэвэр, тэтгэмж асуултууд

Хариулт №1:

Ажилгүй хүн бүр авахгүй. Ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоос өмнө 24 сарын хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн даатгуулагч авах эрхтэй. Мөн ажилгүйдлийн тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 3 сарын орлогын дунджаас дараахь хувь хэмжээгээр тооцож олгоно.

Шимтгэл төлж ажилласан хугацаа, хэмжээ

Тэтгэмж бодох хувь

1

5 хүртэл

45%

2

5-10 хүртэл

50%

3

10-15 хүртэл

60%

4

15 ба түүнээс дээш

70%

 

Хариулт №2:

Тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны, тахир дутуугийн, тэжээгчээ алдсаны гэсэн 3 төрлийн тэтгэвэр олгодог. Үүнээс өндөр насны тэтгэврийг даатгуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 45 хувиар бодож тогтооно. Хэрэв тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жилээс илүү төлсөн тохиолдолд илүү төлсөн жил тутамд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон сарын дундаж хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 1,5 хувиар бодож нэмэгдэл олгоно. Жишээлбэл, өндөр насны тэтгэвэр тогтоох аргачлал нь:
Даатгуулагч “Э” эрэгтэй, 60 настай, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 32 жил төлсөн, сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлого нь 60 000 төгрөг бол түүний өндөр насны тэтгэвэр дараахь аргаар бодогдоно.

1/ 20 жил шимтгэл төлсөн хугацаанд ногдох тэтгэвэр нь 60 000*45%=27 000 төгрөг

2/ 20 жилээс илүү ажилласан 12 жил /32-20/-д ногдох тэтгэвэр нь 60 000*12 жил*1,5%=10 800 төгрөг

3/ Даатгуулагчийн сард авах өндөр насны тэтгэвэр нь 27000+10800=37800 төгрөг болно. Харин тэтгэврийн даатгалын шимтгэлийг 10-20 жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч шимтгэл төлсөн нийт хугацаандаа ногдох өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгон авч болно.
 

Хариулт №3:

Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан даатгуулагч хиймэл эрхтэн, засал эмчилгээ, /протез, ортопед/  хийлгэх рашаан сувилалд эмчлүүлэхэд Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр авах эрхтэй юм.

Хариулт №4:

Тэтгэврийн даатгалд төлж буй шимтгэл нь аливаа хүн ажил хөдөлмөр эрхэлж байх үедээ тэтгэврийн даатгалын санд хувь нэмэр оруулж, өндөр наслах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэрэг эрсдэлийн үед тодорхой нөхцөл болзлыг хангасан бол тэтгэвэр авах эрхтэй байх баталгаа өгч байгаа билээ. Үүнийг хамтын эрсдэлийн буюу эв санааны нэгдлийн зарчим гэж нэрлэдэг болно. Тиймээс тэтгэврийн даатгалын санд төлсөн шимтгэлийг буцаан олгох, өвлүүлэх, гэр бүлийн бусад гишүүдэд шилжүүлэх асуудал байхгүй бөгөөд даатгуулагч тэтгэврийн насанд хүрэхээсээ өмнө нас барсан бол түүний асрамжинд байсан гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах эрхтэй юм. Энэ нь шимтгэлийг буцаан авснаас илүү нийгмийн хамгааллын ач холбогдол бүхий арга хэмжээ болдог.

Хариулт №5:

Засгийн газрын 2016 оны 292 дугаар тогтоолоор өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ 251000 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн хэмжээ 216000 төгрөг байхаар шинэчлэн тогтоосон болно.

Хариулт №6:

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 77 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар Газрын доорхи уурхайн ажил мэргэжил, хоёрдугаар хавсралтаар Хөдөлмөрийн хортой нөхцөл, гуравдугаар хавсралтаар Хөдөлмөрийн халуун нөхцөл, дөрөвдүгээр хавсралтаар Хөдөлмөрийн хүнд нөхцөлийн ажил мэргэжлийн жагсаалтыг тус тус баталсан байдаг. Эдгээрээс тухайн хүн өөрийн ажиллаж байсан салбар, ажил мэргэжлээ хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд байгаа эсэх талаар мэдэж, хуульд заасан ажилласан жилийн болон насны болзол хангасан бол тэтгэвэр тогтоолгон авч болно.

Хариулт №7:

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр авагч 12 сараас доошгүй хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн бол харъяалах нийгмийн даатгалын хэлтэст хүсэлтээ гаргаж, анхны тэтгэвэр тогтоолгосон сарын дундаж цалин, олговроос шимтгэл төлсөн 12 сар тутамд 1,5 хувиар тооцуулан тэтгэврээ нэмэгдүүлж болно.

Хариулт №8:

1994 онд батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нийтдээ 20 жил шимтгэл төлсөн буюу ажилласан хүн тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогынхоо 45 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэвэр, 20 жилээс илүү ажилласан жил тутамд 1,5 хувийн нэмэгдэл авахаар, өөрөөр хэлбэл ажилласан жил нэмэгдэхийн хирээр тухайн хүний тэтгэвэр өндөр байхаар буюу шимтгэл төлж ажилласан хугацаа, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоосоо хамаарч байхаар зохицуулсан байдаг. Түүнчлэн тэтгэврийн хэмжээнд нөлөөлдөг өөр нэг хүчин зүйл нь тэтгэвэр бодох цалин хөлсний хэмжээ юм. Зарим нэг хүмүүсийн хувьд хамт ажиллаж байсан хүмүүс нь өндөр тэтгэвэр тогтоолгож байна гэсэн өргөдөл ирдэг. Эдгээр хүмүүс нь 1990 оноос хойш хувийн хэвшилд өндөр цалин хөлстэй ажиллаж байгаад өндөр тэтгэвэр тогтоолгосон байж болох юм. Ялангуяа сүүлийн 20 жилийн доторхи дараалсан 60 сарын цалин өндөр байсан бол тэтгэвэр өндөр тогтоогдох магадлалтай. Тэтгэврийг хуульд заасан нөхцөл болзлын дагуу тогтоодог учир хувь хүний амьдралын бэрхшээл, амьжиргааны түвшинг харгалзан үзэж нэмэгдүүлэх боломжгүй юм.

Хариулт №9:

Нийгмийн даатгалын багц хуулийг 1995 онд боловсруулан батлуулах үед тэтгэврийн тогтолцоонд зарим өөрчлөлт орсны нэг нь газрын дор болон хөдөлмөрийн халуун, хортой, хүнд нөхцөлд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ажилтны хөдөлмөрийн хөлснөөс тэтгэвэр бодох суурь хувь 60 байсныг 45 болгон өөрчилсөн. Гэхдээ энэхүү хуулийн дагуу тэтгэврийг шинэчлэн тооцохдоо урьд авч байсан тэтгэвэр нь буурсан тохиолдолд өмнө тогтоогдсон тэтгэврийг хэвээр нь үлдээсэн учир тухайн үед дээрх нөхцөлөөр тогтоогдсон тэтгэвэр авагчдын тэтгэврийн хэмжээг бууруулахгүйгээр шийдвэрлэсэн билээ. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 1, 2, 3-т зааснаар хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажиллаж байгаа ажилтны хувьд хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу тэтгэврийн наснаас өмнө өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх одоо ч хэвээр байгаа бөгөөд ажилласан хугацаа нь бага учраас тэтгэвэр нь бага тогтоогддог тал бий.

Хариулт №10:

Тахир дутуугийн тэтгэвэр авч байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгосон даатгуулагчийн тэтгэврийг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан жил тутамд нь 1 хувиар бодож нэмэгдүүлдэг юм. Энэ нь тухайн хүний эрүүл мэндэд учирсан гэнэтийн эрсдэлийг хүндэтгэн үзэж нийгмийн баталгааг нь хангахад анхаарч байгаагийн илэрхийлэл болж байгаа юм.

Хариулт №11:

1995 оноос өмнөх Тэтгэврийн тухай хуулиар техник мэргэжлийн сургууль /ТМС/-д суралцсан хугацааг ажилласан жилд оруулан тооцдог байсан бол одоогийн мөрдөгдөж буй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 3.3-т шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор заасан хугацаанд ТМС-д суралцсан хугацаа хамаарахгүй юм.

Хариулт №12:

Тэтгэврийн хэмжээ нь тухайн хүний авч байсан цалин хөлс, ажилласан хугацаанаас хамааралтай тогтоогддог учраас харилцан адилгүй тогтоогддог. Жишээ нь, нэг ижил хугацаанд тэтгэврээ тогтоолгосон адилхан ажил мэргэжлийн 2 хүний аль олон жил ажилласан буюу шимтгэл төлсөн бөгөөд тэтгэврээ тогтоолгохдоо сонгосон сүүлийн 20 жилийн доторхи дараалсан 60 сарын цалин нь өндөр байсан хүний тэтгэвэр нөгөөхөөсөө өндөр тогтоогдоно. Тэтгэврийн хэмжээнд гардаг зүй ёсны ийм ялгааг зөрүү гэсэн ойлголттой адилтгаж болохгүй юм. Харин адилхан ажил мэргэжилд ойролцоо цалинтай, ажилласан хугацаа нь ижил хүмүүс тэтгэврээ хэзээ тогтоолгосноосоо хамаараад тэтгэвэр нь зөрүүтэй тогтоогдсон байсан. Ийм зөрүүг багасгах, арилгах үүднээс Засгийн газраас тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын итгэлцүүрийг хэд хэдэн удаа өөрчлөн тогтоож, иргэдийн өмнө тогтоолгосон тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байснаар үндсэндээ энэ асуудлыг шийдвэрлэсэн гэж үзэж байгаа. Хамгийн сүүлд 2014 оны оны 15 дугаар тогтоолоор тэтгэвэр бодох цалингийн итгэлцүүрийг өөрчилсөн бөгөөд  өндөр насны бүрэн тэтгэврийн доод хэмжээ 251000 төгрөг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 216000 төгрөг болоод байна.

Гэхдээ 1990 оноос хойш хөдөлмөрийн үнэлэмж буюу цалин хөлсөнд гарсан өөрчлөлттэй холбоотойгоор тэтгэврийн хэмжээ ялгаатай тогтоогдохыг зүй ёсны гэж үзнэ. Тухайлбал, 1990 оноос хойш манай улс зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнтэй холбоотойгоор аж ахуйн нэгж, байгууллагууд ажилчдынхаа цалин хөлсийг өөрсдөө тогтоодог болсон, түүнчлэн иргэд хэд хэдэн ажлыг давхар гүйцэтгэж, цалин хөлсөө нэмэгдүүлэх боломжтой болсон зэргээс шалтгаалан ижил мэргэжлийн хүмүүсийн тэтгэвэр ч зөрүүтэй тогтоогдох үндэслэл бий.
 

Хариулт №13:

Нийгмийн даатгалын тухай хуулийг мөрдөж эхэлсэнтэй холбоотойгоор 1995 оноос өмнө тэтгэвэр тогтоолгосон өндөр настнуудын тэтгэврийг Засгийн газрын 1997 оны 201 дүгээр тогтоолоор шинэчлэн тогтоож, хууль эрх зүйн ижил орчинд шилжүүлсэн билээ. Ингэхдээ тухайн үед иргэдийн авч байсан тэтгэврийг бууруулахгүй байх бодлого баримталж, хэрвээ шинэчлэн тогтооход тэтгэврийн хэмжээ нь буурахаар байвал иргэний тухайн үед авч байсан тэтгэврийг хэвээр нь олгосон билээ. Үүнийг Засгийн газрын 201 дүгээр тогтоолын 2-ын “б”-д “тухайн тэтгэвэр авагчийн одоогийн авч буй тэтгэврийн хэмжээг бууруулахгүй байх” гэж зааснаас харж болно.

Түүнээс хойш удаан хугацааны туршид инфляцийн нөлөөгөөр худалдан авах чадвар нь буурсан цалин хөлсийг итгэлцүүр /индекс/-ээр өсгөж, өнөөгийн түвшинд хүргэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас 1997- 2007 онд тэтгэвэр бодох хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын итгэлцүүрийг хэд хэдэн удаа шинэчлэн тогтоож, иргэдийн өмнө тогтоолгосон тэтгэврийг  нэмэгдүүлэх арга хэмжээнүүдийг авсан билээ. Ийнхүү итгэлцүүр хэрэглэж, иргэдийн тэтгэврийг шинэчлэн тогтоохдоо 1997 оны Засгийн газрын 201 дүгээр тогтоолын 2-ын “б” заалттай адил буюу тухайн үед авч байсан тэтгэврийн хэмжээнээс нь бууруулахгүй байх зарчмыг баримталсан бөгөөд 2007 онд тэтгэвэр бодох суурь цалин нь ижил түвшинд очсон учраас тухайн үед хүлээн зөвшөөрөгдөж байсан тэтгэврийн зөрүү үндсэндээ арилсан гэж үзэх үндэслэлтэй.

Харин 1995 онд батлагдсан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тухайн хүний тэтгэвэр нь шимтгэл төлсөн буюу ажилласан хугацаа, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогын хэмжээнээс хамааралтай тогтоогдохоор зохицуулсан, ялангуяа тэтгэврийн хэмжээнд нөлөөлдөг гол хүчин зүйлийн нэг болох цалин хөлсний түвшинд 1990 оноос хойш гарсан өөрчлөлтүүдтэй холбоотойгоор тэтгэвэр ялгаатай тогтоогдож байна.

Тухайлбал:

1/ Манай улс 1990 оноос зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжсэнээр төрийн өмчийн үйлдвэрүүд хувьчлагдаж, аж ахуйн нэгжүүд өөрсдийнхөө эдийн засгийн чадавхийг харгалзан, ажилчдынхаа цалин хөлсний хэмжээг өөрсдөө тогтоодог болсон. Ийм учраас өөр өөр компанид ажиллаж байгаа ижил мэргэжлийн хүмүүс ч харилцан адилгүй цалинтай байгаа болно.

2/ Төрийн албан хаагчдын цалин хөлсний хэмжээ 1990 оноос хойшхи үнийн өсөлтөөс харьцангуй хоцорч явсан бөгөөд 2006-2008 оны хооронд мэдэгдэхүйц нэмэгдэж, хувийн хэвшлийн түвшинд дөхөж очсон байна. Энэ хугацааны цалингаа тэтгэвэр тогтоолгох 5 жилийн дундаждаа оруулан тооцуулж байгаа учраас төрийн албанаас тэтгэвэрт гарч байгаа хүмүүсийн тэтгэвэр харьцангуй өндөр тогтоогдох болсон.

3/ 1990 оноос хойш багш, эмч, нягтлан бодогч, тогооч гэх зэрэг олдоцтой мэргэжлийн хүмүүс  цалингаа нэмэгдүүлэх буюу хэд хэдэн газарт давхар ажиллах, эсвэл өөр ажил давхар гүйцэтгэж орлогоо нэмэгдүүлэх боломж нээлттэй болсноор иргэдийн тэтгэвэр өндөр тогтоогдож байна. Тийм учраас нягтлан, эсвэл тогооч гэх мэт ижил мэргэжилтэй хүмүүс ойролцоо тэтгэвэртэй байх тухай ойлголт одоо байхгүй болоод байна. 

Ийм учраас 1995 оноос өмнө ба хойно тогтоолгосон ижил мэргэжлийн, адил хугацаанд ажилласан иргэд адил хэмжээний тэтгэвэр авах ёстой гэсэн төсөөлөл бодитой биш болж, тэдний тэтгэврийн хэмжээ адил байх үндэслэлгүй болно.

Харин Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэврийн тогтолцоог шинэчлэх хүрээнд тэтгэврийн олон давхаргат тогтолцоог бий болгохоор, ялангуяа өндөр насны суурь тэтгэвэр бий болгох урьдчилсан нөхцөлийг бүрдүүлэхэд чиглүүлж, Монгол Улсын иргэн тодорхой насанд хүрээд (60 нас) төрөөс тодорхой хэмжээний буюу тэтгэврийн хэмжээнээс хамаарч ялгаатай тэтгэвэр авдаг эрхтэй байхаар хуулийн төсөл боловсруулж байна. Энэхүү хуулийн төсөл батлагдвал бага тэтгэвэртэй иргэдийн тэтгэвэр нэмэгдэж, огт тэтгэвэр авдаггүй иргэд тодорхой хэмжээний тэтгэвэр авах боломжтой болох юм